top banner

Орхигдсон рохинжа үндэстэн олон улсын анхааралд дахин өртсөн нь


2017-09-14 09:40:04
Зураг
Дэлхийн олон нийтийн  анхаарал Умард Солонгосын пуужингийн болон устөрөгчийн бөмбөгийн туршилт руу чиглээд байсан сүүлийн өдрүүдэд ардчилсан тогтолцоонд хэдхэн жилийн өмнө шилжсэн Мьянмар /хуучнаар Бирм улс/ улсаас тун таагүй мэдээллүүд хөврөх боллоо. Тус улсад амьдардаг үндэстний ба шашны цөөнх болох рохинжачуудыг “үй олноор нь хүйс тэмтрэн устгаж байгаа”  тухай мэдээлэл дэлхий дахиныг сэрдхийлгэлээ. Ардчилсан оронд геноцид үйлдэж байна гэдэгт хүмүүс итгэж ядан байна.

...Мьянмарт нийтдээ 135 үндэстэн ястан амьдардаг. Эдгээр үндэстнүүд Британийн колончлол, Японы милитаристуудын эсрэг хамтран тэмцсэний үр дүнд 1948 онд тусгаар тогтносон Мьянмар улсыг байгуулсан юм. Харин 1949 оноос 1990-ээд оны дунд үе хүртэл эдгээр овог аймгууд хоорондоо дайтсаар иржээ. Үнэн хэрэгтээ Мьянмарт дэлхийн түүхэн дэхь хамгийн урт иргэний дайн 50 жилийн турш үргэлжилсэн гэж хэлж болно.

Иргэний дайны нэг хэсэг болох Бирмийн буддын шашинтнууд болон лалын шашинт рохинжа нарын хоорондох мөргөлдөөн нь мөн адил Дэлхийн 2 дугаар дайны дараа өрнөсөн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үеэс эхтэй юм.

Өдгөө 50 сая хүн амтай Мьянмарын иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь буддын шашинтнууд бол харин үндэстний ба шашны цөөнх болох мусульман шашинт рохинжачууд Аракан /Ракхайн/ мужид амьдарч, тус мужийн хүн амын 78 хувийг бүрдүүлдэг байна. 

НҮБ-ын тодорхойлсноор “дэлхий дээрх хамгийн ихээр хавчигдан гадуурхагдаж буй үндэсний цөөнх” гэгддэг рохинжачууд Бирмийн газар нутагт амгалан тайван амьдарч байсан цаг үе гэж нэгээхэн ч үгүй бөгөөд буддын шашинтнуудтай байнга сөргөлдсөөр иржээ.

Сөргөлдөөн, хүчирхийлэл, мөргөлдөөний давалгаа үе үе тун хурц байдлаар илэрч байлаа. Хамгийн сүүлд гэхэд 2013 онд Мейтхила гэдэг хотод рохинжа нарын орон гэрийг тонон дээрэмдэж, шатаан түйвээх үймээн самуунд дэлхий дээрх хамгийн энэрэнгүй шашин гэгддэг буддын шашны 3000 гаруй лам нар “манлайлан” оролцсон гэдэг. Энэ хэрэг явдлын дараа рохинжачууд өөрсдийгөө хамгаалахын тулд цэргийн нууц бүлэглэл болох АРСА-г байгуулсан байна.

Цэргийнхэн “бяртай” хэвээр байна

Энэ удаагийн ээлжит хүчирхийлэл 8 дугаар сарын 25-нд дэгдсэн юм. Эл өдөр “Араканы рохинжачуудыг аврах арми” /АРСА/ гэдэг зэвсэгт бүлэглэлийнхэн цагдаагийн 30 гаруй пост болон Мьянмарын армийн хуаран руу нэгэн зэрэг довтолж, 12 цагдаа, цэргийн албан хаагчийг хөнөөсөн байна. Үүний хариуд Мьянмарын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд “терроризмын эсрэг ажиллагаа” явуулж эхэлжээ. 1962-2011 он хүртэлх хугацаанд Мьянмарыг захирч байсан цэргийнхэн мэдэгдэхдээ “улс орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах нь бидний гол зорилго” гэцгээж байна. Тэдний үзэж байгаагаар, лалын босогчдын АРСА бүлэглэл нь олон улсын террорист байгууллагуудтай холбоотой бөгөөд тэднээс санхүүгийн тусламж авдаг аж. Гадаадын дипломатууд болон сэтгүүлчдэд  зориулан хийсэн хэвлэлийн хурлын үеэр Бирмийн армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол, АРСА-гийн эцсийн зорилго нь Бангладеш, Мьянмарын хоорондох газар нутагт “Исламын улс” байгуулах явдал гэнэ. 
 
АРСА-гийн дайралтад Мьянмарын арми тэр даруйд нь хүчтэй хариу цохилт өгсөн нь цэргийнхэн тус улсын улс төрийн амьдралд урьдын адил хүч нөлөөтэй хэвээр байгааг харууллаа. Армийнхан болон тэдэнтэй сүлбэлдсэн олигархиуд улстөрийн нөлөө бүхий хүчин хэвээр байгаа нь илт. Цэргийнхэн сонгуулийн дүнгээс үл хамааран парламентын нийт суудлын 25 хувийг эзэлдэг бөгөөд тэд Үндсэн хуульд хориг тавих эрхийг эдэлдэг байна. 

Цэргийн ажиллагааг удирдаж буй зэвсэгт хүчний ерөнхий командлагч Мин Аунг Хлайн хэлснээр бол “Мьянмарын арми дэлхийн II дайнаас хойш сунжирсаар байгаа дутуу хагас хийгдсэн  зүйлийг нэгмөр гүйцээж байгаа” аж. Иймэрхүү үг яриа нь Мьянмарын арми рохинжачуудын эсрэг маш ширүүн довтолгоо хийж буйг илтгэнэ. Харин энэ дайралтыг “угсаатны цэвэрлэгээ хийж буй харгис үйлдэл” гэж НҮБ зэмлэн буруушаалаа. Үүний хариуд Мьянмарын эрх баригчид мэдэгдэхдээ  “рохинжачууд өөрсдийгөө дэлхийн хамтын нийгэмлэгээр өрөвдүүлэхийн тулд тосгонуудаа зориуд шатаан түймэрдээд Бангладеш руу зугатаж байна” гэсэн үнэмшил муутай тайлбар өгчээ. 290 мянган хүн хоорондоо гэнэт үгсэн тохирч байгаад нэгэн зэрэг гэр орноо шатаачихаад харь орон руу зугатсан тухай үндэслэлгүй мэдэгдэл хийхээ нэн даруй зогсоохыг НҮБ-ын албаны хүмүүс шаардаж байгаа юм. Тус байгууллагын төлөөлөгчдийг Мьянмарын арми болон лалын шашинтнуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж буй Ракхайн мужид нэвтрүүлэх, цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Мьянмарын эрх баригчдаас мөн шаардлаа. Рохинжа нарыг мөрдөн мөшгиж буй талаарх баримтуудыг шалгах тусгай комиссыг НҮБ энэ оны 3 дугаар сард байгуулсан боловч Мьянмарын эрх баригчид тус комиссын гишүүдийг нутагтаа оруулахаас цааргалсаар байгаа юм. 

Энэ хооронд "геноцид" үргэлжилсээр. 8 дугаар сарын 25-наас хойших хугацаанд зэвсэгт мөргөлдөөний улмаас 4 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн албан бус тоо байна. Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch гэдэг байгууллагын төлөөлөгчийн мэдэгдсэнээр, сансраас авсан гэрэл зургуудад наад зах нь 10 районд үймээн самуун дэгдэж, Бангладештай залгаа хилийн ойролцоох тосгод шатаж байгаа нь харагдана. Харин хамгийн сүүлд ирсэн мэдээг үзвэл, рохинжачууд дангаараа нэг сарын хугацаагаар гал зогсоож байгаагаа мэдэгджээ. 

Нобелийн шагналтны ноомой тоомжиргүй байдал

Рохинжа нарын эсрэг хүчирхийллийн шинэ давалгаа газар авч байгаа энэ үед Мьянмарыг удирдаж буй Нобелийн шагналтан, ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болсон Аун Сан Су Чи юу ч дуугарахгүй, тун тоомжиргүй хандаж байгаа нь олон улсын ажиглагчдын гайхшралыг төрүүлж байна. Хэдэн жилийн өмнө манай улсад ирэхдээ монголчуудыг “дүр эсгэсэн ардчилал”-тай гэж дүгнэчихээд яваад өгсөн энэ эмэгтэй зовж зүдэрсэн, эрх нь зөрчигдсөн үндэсний цөөнхийг хамгаалах тал дээр “дүр эсгэж” ч чадахгүй, таг дуугүй сууж байна.

Үүнтэй холбоотойгоор, хүчирхийллийг зүгээр хараад сууж байгаагийн зэрэгцээ хааяа цэргийнхнийг зөвтгөх өнгө аястай үг хэлж буй “ардчиллын бэлгэ тэмдэг” гэгддэг Аун Сан Су Чи-гээс 1991 онд хүртсэн Нобелийн шагналыг нь хурааж авахыг шаардсан  өргөх бичигт одоогийн байдлаар 370 мянган хүн гарын үсэг зурж, Change.org гэдэг цахим хуудсанд байрлуулжээ. Харин Нобелийн шагналын хорооны дарга Олав Нолстад энэ талаар хэлэхдээ “шагналыг олгохдоо тухайн хүний өмнө нь хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг дүгнэн үздэг. Нобелийн сангийн дүрэм, А.Нобелийн гэрээслэлд олгосон шагналыг хүчингүй болгох талаар огт дурдаагүй” гэж мэдэгдсэн байна.

Нобелийн шагналтан таг дуугүй байгаагийн учир шалтгаан юунд вэ?

Мьянмарын төрийг 2016 оны хавраас хойш удирдаж буй Аун Сан Су Чи-гийн удирдсан нам парламентад олонхын суудал авсан боловч цэргийнхэн урьдын адил батлан хамгаалах, дотоод бодлого, хил хамгаалалт гэсэн салбаруудыг хяналтдаа байлгасан хэвээр байна. Иймээс Аун Сан Су Чи цэргийнхний эсрэг  үг дуугарч чадахгүй байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, рохинжа нарыг тойрсон улстөрийн хямрал нь маш эмзэг асуудал учраас болгоомжгүйгээр хэлсэн ганцхан үг л хүчирхийллийн ээлжит давалгааг үүсгэх аюултай учраас болгоомжилж байж болох юм. 

Бодит байдлыг ажихад, 2010 оноос Мьянмарт дахин өрнөсөн ардчиллын төлөөх үйл явцыг дэлхийн олон улс орон тууштай дэмжиж байгаа билээ. Нөгөөтэйгүүр, зах зээл томтой, байгалийн баялаг ихтэй Мьянмар нь цэргийн дэглэмээс ангижирч, нээлттэй улс болж байгаа энэ үед тус улсад хөрөнгө оруулах хүсэлтэй улс орнууд рохинжачуудын талаарх эрх баригчдын үйлдэл болон эс үйлдлийг үл анзаарсан дүр үзүүлж, Аун Сан Су Чи-г зэмлэн буруутгахаас аль болохоор зайлсхийсээр ирсэн юм.   

Хүчирхийллийн талаарх олон улсын байр суурь

Мьянмарын лалын шашинт рохинжачуудыг хамгийн ихээр өрөвдөн хайрлаж, өмгөөлөн хамгаалсан хүмүүс бол Оросын мусульман шашинтнууд болох чеченьчүүд байлаа. Энэ сарын 4-ний өдөр Чечений нийслэл Грозный хотод 1 сая гаруй хүнийг /Чечень 1,3 сая хүн амтай/ хамарсан цуглаан болж, түүнд оролцсон удирдагч Рамзан Кадыров үг хэлэхдээ, Мьянмарт болж буй цуст хүчирхийллийг зогсоохыг дэлхийн улс орнуудад  уриалсан байна.

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган Мьянмарт болж буй үйл явдлыг “лалын шашинтнуудыг үй олноор нь хоморголон устгаж буй гэмт хэрэг” гэж тодорхойлоод “геноцид болж байхад ажиггүй сууж байгаа хүмүүс бол энэ гэмт хэргийн хамсаатнууд мөн” гэлээ.

АНУ-ын хувьд, энгийн номхон иргэд болон хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд руу довтлохгүй байхыг Мьянмарын цэргийнхэнд уриалжээ.

Хүчирхийллийн эх үндэс  

Энэтхэгийн хойгоос  гаралтай хүмүүс, тэдний дотор рохинжачуудын өвөг дээдэс нь XIX зууны дунд үеэс Мьянмарт цагаачлан ирж суурьших болсон байна. Тухайн үед тус орныг колончилж байсан англичууд нийгмийн шинэ давхаргыг бий болгож, цагаач рохинжачуудыг цагаан арьст европчуудаас доогуур, харин доод гаралтай монгол төрхт бирмчүүдээс дээгүүр зиндаанд тавьжээ. Нийгмийн давхраажилтын /кастын/ энэхүү тогтолцооноос үүдэлтэйгээр нутгийн уугуул иргэдийн дургүйцэл газар авснаар буддын шашинтнууд болон рохинжачуудын хооронд байн байн мөргөлдөөн дэгдэх болов. Нөгөөтэйгүүр, дэлхийн 2 дугаар дайны үед рохинжачууд Английн талд, буддын шашинтнууд Японы талд орон байлдаж байжээ. Энэ бүхний улмаас рохинжачууд болон буддын шашинтнууд бие биенээ үзэн ядах болсон байна.
 
Гэхдээ энд нэг зүйлийг тайлбарлах нь зүйтэй. Мьянмарт лалын шашинтнуудыг бүгдийг нь хавчин гадуурхдаг гэж ойлгох нь өрөөсгөл юм. Харин лалын шашинтнуудын дотроос рохинжачууд хавчлагад хамгийн ихээр өртдөг гэвэл үнэнд илүү ойртоно. Рохинжачууд нь Мьянмарт амьдардаг 135 үндэстний цөөнхийн бүлэгт албан ёсоор багтдаггүй бөгөөд 1985 оноос тэднийг Мьянмарын иргэн гэж тооцохоо больсноор иргэний харьяалалгүй болсон байна. Тэднийг тусгай зөвшөөрөлгүйгээр улс орны дотор зорчих, хоёроос дээш хүүхэд төрүүлэхийг хориглосон ба эмнэлгийн болон боловсролын үйлчилгээ авах эрх нь хөсөр хаягджээ. Ийм байдал нь рохинжачуудыг Мьянмар, Бангладеш хоёрын дунд хэсүүчлэн амьдардаг цыганчууд гэж үзэхэд хүргэсэн байна.
 
Гэтэл 1948 онд Мьянмар улс тусгаар тогтнолоо зарлах үед рохинжачууд тус улсад амьдарч байсан гэдэг нь яах аргагүй үнэн билээ.  Тусгаар тогтнолоо тунхагласны дараахан баталсан Үндсэн хуульд “Мьянмарын хилийн дотор амьдарч буй бүх үндэстэн, ястны хүмүүс бол тус улсын иргэд мөн” гэж заасан аж. Гэтэл 1978 онд ерөнхий сайд асан генерал Не Вин “Бангладешаас нууцаар орж ирсэн” гэх үндэслэлээр 250 мянган рохинжачуудыг улс орноосоо хөөн гаргасан байна.  Удалгүй 1982 онд тэрбээр иргэний харьяаллын тухай шинэ хуулиийг баталж, түүндээ “Мьянмарт гурван үеэрээ амьдарсныг нотлох бичиг баримт рохинжачуудад байх ёстой” гэсэн заалт оруулсан аж. Үүний улмаас хөдөө орон нутагт амьдарч байсан маш олон рохинжачууд иргэний харьяалалгүй болсон байна. 1990-1991 онд генерал Не Вин дахиад 100 мянган рохинжачуудыг хөөн явууллаа. 2012 онд буюу ардчиллынхан засгийн эрхэнд гарах үед Ракхайн мужийн буддын шашинтнуудын үйлдсэн хүчирхийллээс дайжсан 100 мянга гаруй рохинжа иргэд Мьянмараас гарч явахаас аргагүйд хүрсэн байна. НҮБ-ын мэдээлэлд дурдсанаар, 10 гаруйхан жилийн өмнө 4 сая байсан рохинжачуудын тоо өнөөдөр 1 саяд хүрэхгүй болжээ.
 
Энэ бүх хүчирхийлэл, хавчлага мөрдлөг нь 8 дугаар сарын 25-нд рохинжачуудын үйлдсэн зэвсэгт халдлагын уг шалтгаан байсан гэж хэлж болно.
 
Б.Адъяахүү
 
 
 
 




 
 
 
 

Монгол брэнд