top banner

Шинэ-Зеландын хятад гаралтай парламентын гишүүн өөрийгөө "тагнуулч биш" гэв


2017-09-14 10:22:43
Зураг
ВЕЛЛИНГТОН. /Гардиан/.  Шинэ-Зеландын эрх баригч намын хятад гаралтай гишүүн өөрийгөө “Хятадын тагнуул биш” гэлээ.  Хятадын тагнуулын газруудтай холбоотой их сургуулиудад  олон жил сурч, хичээл заасан нь илчлэгдсэний дараа түүнийг “Хятадын тагнуулч” гэх болсон тухай мэдээлэл Их Британийн “Гардиан” сонинд гарсан байна.

Их Британийн “Файнаншл Таймс” болон Шинэ-Зеландын “Ньюсрүүм” сониныхон хамтран эрэн сурвалжилснаар Эх газрын Хятадад төрсөн, Шинэ-Зеландын эрх баригч Үндэсний намын анхны хятад гишүүн Ян Жианий өнгөрсөн “нуусан амьдрал”-ыг илчилсэн байна. Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүн Ян Жиань лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Би тагнуулч биш” гэжээ.

Өдгөө 55 настай тэрбээр “Би ердөө хятад хүн болж төрснийхөө төлөө л тагнуулч болж хувирлаа. Энэ бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг” хэмээн мэдэгдэв.

Тэрбээр Окландын их сургуульд олон улс судлалын чиглэлээр багшлахаар 1999 онд Хятадаас Шинэ-Зеландад цагаачлан очсон гэнэ. Үүнээс 12 жилийн дараа тэрбээр Шинэ-Зеландын парламентын гишүүн болжээ.

Тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хар эсвэл цагаан муур байх нь надад хамаагүй. Сайн муур ч хулгана барьж иддэг юм. Шинэ-Зеландад үнэнчээр зүтгэснийхээ төлөө ингэж гүжирдүүлж байгаадаа би харамсаж байна. Би хэдийгээр энд төрөөгүй ч гэсэн Шинэ-Зеландын иргэн гэдгээрээ бахархаж, хуулиа дээдэлж, энэ улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэх оруулахыг эрмэлзсээр ирсэн” гэсэн байна.

Шинэ-Зеландын ТЕГ-ын мэдэгдсэнээр, 1978-1994 онд тэрбээр Хятадын хоёр их сургуульд сурч, бас багшилж байжээ.

Нэг нь Хятадын Ардын чөлөөлөх армийн Нисэх хүчний инженерийн академи гэнэ. Тус академид тэрбээр англи хэл сурч, бакалаврын зэрэг хамгаалаад, дараа нь багшилсан байна. Нөгөөх нь Хятадын Хөнань мужид орших Луояны гадаад хэлний их сургууль аж. Хятадын цэргийн тагнуулын албаны чиглэлээр сургалт явуулдаг Луояны гадаад хэлний их сургуульд намайг сурч, багшилж байсан гэдгийг хүн бүхэн мэднэ гэж гишүүн Ян Жиань яриад, “Би энэ хоёр их сургуульд сурч байсан нь үнэн. Тагнуулчдад англи хэл зааж байсан нь үнэн. Гэхдээ би тагнуулч биш" гэжээ.

1982 онд Нисэх хүчний инженерийн академид бакалаврын зэрэг, 1990 онд Луояны их сургуульд Америк судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалснаа нотлох баримт бичгүүдийг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд үзүүлсэн байна.

Зургаан жилийн өмнө Шинэ-Зеландын парламентын гишүүн болсноосоо хойш тэрбээр Хятадын эрх баригч Коммунист намын талыг баримталсаар ирсэн гэнэ.

Ардчилсан улс төрийн тогтолцоотой, хүн бүрт эдийн засгийн эрх тэгш боломж олгодог, нийгмийн байдал нь тогтвортой учраас олон хятад хүн 1990-ээд оны үед Шинэ-Зеландад цагаачлан очсоныг хэвлэлийн бага хурлын төгсгөлд тэрбээр цохон тэмлэглэсэн аж.
Г.Доржханд
 
 
 
 

Монгол брэнд