top banner
Шуурхай мэдээ

Хилийн зурваснаас хорин минутын зайд


2017-09-14 10:29:37
Зураг
1.

2017.09.03

“Далай орон минь дархан хилтэй
Дархан хилдээ дайчин харуултай...” гээд л энгүй уудам талынхаа дунд аргал түүж явахдаа ээж минь аялдагсан. Дууны аялгуунд бүүвэйлэгдэж, үгийн шидэнд нь автах мөч бүртээ дархан хилээ халих амь шигээ хайрласан дайчин харуулын цэрэг болохсон гэж бодно. Адууны туурайн мөрөнд тогтсон уснаас туулай ууж цангаагаа тайлдаг талынхаа дунд хулангийн унага шиг дураараа дэгдэж өссөн хүү тэр л дууны шад мөр, үг үсэг бүрийг нь амь оруулсан мэт орших торгон хилийн зүг хүлгийн жолоо залах өдөртэй золгов оо.

Хил Хамгаалах Ерөнхий газрын үүдэнд өглөөний 7 цагт цугларцгааж зурагт, сонин зэрэг хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдээс бүрдсэн багийн гишүүд Оросын “паз” автобусанд орж суув. Мөнхүү ХЦДБЧ-ын хамт олон, гурван үеийн Гэрээт хилчин залуус маань тус тусын унаандаа тухалж авсны хойно Хил Хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, Бригадын генерал Ж.Бямбасүрэнгийн удирдлага дор цуваа болон нэгдэж Дорноговь аймгийн зүг хөдлөв.



Эх орон, газар шороо, тусгаар тогтнол, дархан хилийнхээ тухай бид ярьж, омогшдог, монгол хүн гэдгээрээ бахархаж цээжээ дэлддэг. Гэхдээ тэнд ямар амьдрал буцалж буйг хүн бүр мэдэхгүй. Тиймээс л хилийн цэргийн ангид зочлож, цэргүүдтэй цуг амьдарч, торгон хилийн баганыг үзэж, тэндээс төрөх мэдрэмж, нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх гэгээн зурагнуудыг тэмдэглэлийн дэвтэртээ алдалгүй бичиж аваад ирнэ гэхээс сэтгэл өөрийн эрхгүй догдолж, огт өөр хүн болчихоод буцаж ирэхийг хүсэн тэмүүлж, өдөр тутамд тохиолддог хүндхэн асуудлуудыг шуудхан мартаж орхиод тув тунгалаг зүрхтэй болчихсон мэт явна. Анх удаа говийн зүг, тэр тусмаа хилийн заставт очих гэж яваа хүн ийнхүү зүрхээ тунгалаг болтол догдолж, зүүдэндээ жигүүртэй болдог шигээ баярлахаас өөр яалтай билээ.

Говь хэмээх алтан шаргал далайн дунд хүрэн улаан зогдортоо нар мандуулсан атан тэмээнүүд алхаж, хурдлан давхихдаа ч хумбан туураараа харгана, бударганаа энхрийлдэг болов уу гэмээр хулангийн сүрэг хуйларч, асга хаднаа аргаль янгир сүлжин, харуулын цэрэг морин дээрээ зураг мэт зогсох нь нүдэнд төсөөлөгдөнө. Тийм ээ, тэнд ийм гэгээн зурагнууд буй. Тэгээд л би зорьж яваа газраа өөрийнхөө дотор зоргоороо зурж яваа юм.

2.

Харцнаас бусад нь туулж үл барам санагдах үүлгүй тэнгэр шиг орон зайн гүн дэх уудам тал нутаг. Дорноговийн энэ их талыг өөр юу, юутай ч зүйрлэж эс барах билээ. “Тал шиг сэтгэлтэй уужим хүмүүсийн, Тасархай нь гэдгээ мартаж болохгүй” хэмээсэн их найрагч Р.Чойномын шүлгийн мөрүүд сэтгэлд бууна.

15.00 цагийн орчимд Дорноговь аймгийн төв болох Сайншанд хотод ирэв. Автобуснаас буухад хөгжим нижигнэж, цэрэг хувцастай тэвхийсэн залуучууд жагсч зогсоно. Энд бид Дорноговь аймгийн зөөврийн музей үзэж, яг л цэргүүд шиг “оочерлон” зогсч хоолоо төмөр саванд хийлгүүлж аваад ширээнд тухлав. “Гэрээт хилчин – Гэрэлтэй алба” гэсэн уриа шиг аяллын эхний өдрөөс хилийн цэргийн амьдрах орчин нөхцөл хэрхэн дээшилж, сайжирсан нь илт мэдрэгдэж байв. 40 гаруй минутын дараа бид машиндаа суучихсан Дорноговь аймгийн Хатанбулаг сум, хилийн 0168 дугаар ангийг зорин хөдөлж билээ.
Говийг далайн ёроол байсан гэх домог мэт олон яриаг хүмүүс ам дамжин хуучилдаг. Элчилгүй говийн өнгө төрхийг үзэхэд эрин галавын тэртээд аялж яваа мэт сэтгэгдэл төрнө. Хаа нэгхэн таарах уулсын орой нь ширээ мэт тэгшхэн бөгөөд сунайсан урт нурууд нь зэрэглээн дунд аварга могой мурилзан хөдлөх шиг харагдана. Ийнхүү замын уртад бодол дундуураа тэнүүчлэн явсаар...



Замдаа элсэнд сууж, цэргийн ангийн том “камаз”-аар 3 автобусаа чирүүлж байж, говийг арайхийн туулж, зорьсон газартаа хүрч ирлээ. Ер нь говьд гүрвэл, байлдааны сургалтанд зориулан ашиглаж буй “танк” хоёр л дураар сэлгүүцдэг бололтой нь мөр харахад андашгүй.

77 жилийн түүхтэй Сулинхээрийн отряд буюу хилийн 0168 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ёслол төгөлдөр угтан авч, аяны уртад алжаасан сэтгүүлчдийг байрлах байранд нь оруулсны дараагаар оройн зоог барив. Бидний орсон байр нь тус заставын эмнэлэг бөгөөд дотоод засал, тав тухын хувьд улсын ямар ч эмнэлгээс дутахааргүй харагдана. 



Эх орныхоо зүүн өмнөд хязгаарт буй цэргийн ангийг яагаад ч юм дүнзэн байшин, зосон улаан хашаатайгаар төсөөлж явсан минь алдаа болов. Өдөр хоногуудтай уралдах мэт асар их өөрчлөлтийн эрин зуунд аж төрж суугаагаа энд ойлгож билээ. Бүр ч их өөрчлөлт, бүтээн байгуулалтай маргааш өглөө танилцана. Мандах нартай уралдан үзгээ шүүрнэ дээ хэмээн бодлоо.

3.

2017.09.04

“Сэтгүүлчид сэрээд! Өглөөний цайндаа!” гэсэн командаар давхийн бослоо. Яг л цэргүүд шиг хоорондоо уралдан хувцсаа өмсч, нүүр гараа угаасны дараа өглөөний ундаа ууж дуусаад цэрэг хувцас өмсөцгөөв. Бүх юм шинэхэн соньхон...

Энэ онд Гэрээт хилчний алба үүсгэн байгуулагдсаны 10 дахь жилийн ойтойгоо золгож байна. Тиймээс ч “Гурван үеийн Гэрээт хилчин” уулзалтыг зохион байгуулж, 0168 дугаар ангийн жагсаалын талбайд үйл ажиллагааны нээлт болов. Ёслолын хөгжим нижигнэж заставын байлдааны тугийг залсны дараагаар ангийн дарга, хурандаа П.Батбилэг болон Хил Хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, Бригадын генерал Ж.Бямбасүрэн нар үйл ажиллагааг нээж үг хэлэв.



2010 онд Улаан-Уул дахь Хилийн 0129 дүгээр ангийг Гэрээт хилчний албанд бүрэн шилжүүлж байсныг уншигчид андахгүй мэднэ. Түүнээс өмнө 2007 онд энэхүү албыг анх санаачлан гаргаж Улаан-Уул дахь Үзүүр Ус болон Сэлэнгэ аймгийн Хутаг-Өндөрийн застав дээр туршиж үзсэн байдаг. Тухайн үед хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, цаашид хэрхэх нь тодорхойгүй байсан энэ албанд өнөөдөр элсэн орох хүсэлтэй залуучуудын тоо жилээс жилд нэмэгдсээр...

Ер нь аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг хөрш улс орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам гэдгийг уншигчид андахгүй мэдэх биз ээ. Улсын хил бүрэлдэн тогтох нь хэдхэн жилийн хэрэг явдал бус, түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэг бөгөөд зэрэгцэн оршдог субъектүүдийн болон олон улсын хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм чухал шалгуур болдог тухай хурандаа А.Ууганбилэг ярьсан юм.

Түүх сөхөж үзвэл Монгол нутагт байгуулагдсан нүүдэлчдийн анхны төр улс Хүннү улсын нутаг дэвсгэр “өмнө зүг Цагаан хэрэм, Ордос нутаг, умар зүг Байгаль нуур, баруун зүг Ил тарвагатай, дорно зүг Солонгос хүртэл уудам их нутгийг эзлэн” оршин тогтнож  байжээ.  Монгол нутаг дахь анхны хилийн цэрэг, хил хамгаалалтын албаны үндсэн суурь Хүннү улсын үед тавигдсан байна. Учир нь Хүннүчүүд дорнод Ху ба Хятадын Хан улстай хиллэх нутгийнхаа хил хязгаарын дагуу харуул суулгаж, хилийн харуулаа “Оуто” хэмээдэг байв. Сурвалж бичигт тэмдэглэснээс үзэхэд Хүннү улсад хил хязгаар хариуцсан ван цолтныг “Оуто ван” хэмээн нэрийддэг байсныг дурдууштай.



Ийнхүү нээлтийн ажиллагаа үргэлжилж, цэргүүд жагсч, 0168 дугаар ангийн хамт олны үзүүлэх тоглолт өрнөж байх хойгуур эргэн тойрныхоо бүтээн байгуулалттай танилцаж, Гэрээт хилчдийн ажиллаж буй орчин нөхцлийг дутагдах зүйлгүйгээр хэрхэн зөв шийдэж өгснийг бахархан харж зогслоо. Нүдээ цавчилгүй харуулд зогсч, нүцгэн говио ээж шигээ санаж явдаг хилчдээ бид ингэж л хүндэтгэж, хайрлах хэрэгтэй.

Хилийн цэргийн ангийнхны бэлтгэсэн үзүүлбэр бүхэнд монгол эр хүний баатар зориг, эрч хүч, авхаалж самбаа нэвт шингэсэн харагдана. Мөнхүү хил зөрчигчийг хэрхэн барьж буйг харуулсан Харрис хэмээх нохойн үзүүлбэр яалт ч үгүй сонирхол татаж байв.



Цэргийн ангийнхны бэлтгэсэн тоглолт дууссаны дараа 0168 дугаар ангийн техник хэрэгсэлтэй танилцаж, дурсгалын зураг татуулав. Харин надад тус ангийн захирагч хурандаа П.Батбилэгээс тусгайлан яриа авах завшаан олдож өрөөнд нь зочлов. Хоймортоо төрийн сүлд, туг далбаагаа залсан захирагчийн өрөөнд дутуу зүйл үгүй. Яг л орчин үеийн шийдэл, дизайнтай ширээ сандал, ханын шүүгээ, буйдан бүгд байв. “За чи хүссэн зүйлсээ л асуу, би чадахаараа хариулаад л явчихъя” гэх П.Батбилэг хурандаа цэргийн хүн гэмээргүй ааш зан дөлгөөн, цаанаа л нэг амар амгалан төрхтэй аж. Эсвэл би цэрэг, армийн хүмүүсийг “чанга, чанга дуутай, юм л бол тушааж ярьсан” эрхмүүд байдаг болов уу гэж хааяахан боддог тул ийн санагдсан байж магад.

-Бидний зочлоод буй энэхүү анги маань мэдээж өмнөд хилийн ууган отрядуудын нэг учраас гэрээт хилчний албанд шилжүүлэхэд тохиромжтой гэж үзсэн үү. Ер нь 0168 дугаар ангийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Мэдээж тухайн ангийн онцлог, давуу талыг урьдчилан харж байж хилчний албанд шилжүүлэх асуудлыг анх гаргаж тавьсан нь тодорхой. Манай Сулинхээрийн отряд буюу хилийн 0168 дугаар анги нь 77 жилийн түүхтэй хил хамгаалах байгууллагын ууган отрядуудын нэг. Энэхүү урт удаан хугацааны түүхийн явцад отряд бүрэн бүрэлдэхүүнээрээ тухайн үеийн отрядын дарга Э.Халтарын удирдлага дор 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр тушаал хүлээн авч, байлдааны фронтын баруун жигүүр болон бие даан үүрэг гүйцэтгэж Өвөрмонголын 7 хошууг Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлж байсан түүхтэй. Мөнхүү штабын даргаар нь Тухайн үед отрядын штабын даргаар ажиллаж байсан Ж.Ядмаа гэх эрхэм одоо ч амьд сэрүүн буй. Ийнхүү удирдсан отряд нь байлдааны тушаалыг нэр төртэй биелүүлээд ялсан цэргийн цог хийморь, сүр хүчийг бадруулан эх орондоо буцаж ирсэн байдаг. Ийм л баатарлаг түүхийн эзэд гэдгээрээ бид бахархдаг.



-Хугацаат цэргийн албан хаагчдаас илүүтэйгээр гэрээт хилчний албанд шилжсэн нь хэр оновчтой зөв сонголт байв. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Гэрээт хилчний албыг үүсгэн байгуулж журмын дагуу хэрэгжүүлснээс хойш хил хамгаалалтын үр дүн дээшилсэн үзүүлэлттэй төдийгүй олон сайхан эерэг үр дүн гарч байгаа.

-Гэрээт хилчний алба нь хугацаат цэргийн албан хаагчдаас юугаараа онцлогтой вэ?

-Мэдээж энэ хоёр албанд зүтгэж буй залуучууд маань “цэрэг” гэх тодотголыг зүүж яваа. Тиймээс хийж гүйцэтгэх ажил, цэргийн хүний биелүүлэх үүрэг даалгавар зэрэг зарчмын хувьд ялгарах зүйлгүй. Нэг жишээ дурьдахад л гэрээт хилчид маань жинхэнэ цэргийн албан хаагчдын адил хоолонд орохдоо жагсч явах шаардлага байхгүй ч гэлээ бүх юм дүрмийн дагуу их энгийнээр явагддаг. Алба хаахаар сонгогдсон залуус орчин үеийн тохилог байранд байрлаж, тодорхой нэр төрлийн хувцас, хүнсний бүтээгдэхүүнээр хангагдаж, эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна. Мөн хоёр жилийн хугацаанд алба хаах явцад Гэрээт хилчид маань  дансандаа 10 гаруй сая төгрөгийн хуримтлалтай болоод буцах боломжтой. Өөр нэг давуу тал нь алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцно. Энэ бүхнээс үзэхэд л олон талын боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн нь тодорхой харагдаж буй болов уу. Тиймээс ч жилээс жилд гэрээт хилчний алба хаах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байна.

-Эх орон, “торгон хил” гэх ойлголтыг өөрийнхөө хувьд хэрхэн тодорхойлох вэ?

-Олон жил Хилийн цэргийн албанд зүтгэсэн болоод ч тэр үү торгон хилийн зурвас, баганаас өөр хүндэтгэн дээдлэх бурхан шүтээн надад үгүй. Хилийн баганаа хараад миний эх орон эндээс эхэлдэг, нүдээ өөр зүгт бэлчээхэд зах хязгаар нь үгүй уужим юм даа хэмээн дотроо уулга алддаг. Хилийн харуулд зогсч буй эр цэргүүдээрээ бахархаж, талын уужимд нар мандахад дотор минь амгалан болдог. Би ийм л сайхан гэрэлтэй албыг хашиж өдий хүрсэн, өдгөө хашиж яваа “хурандаа”  цолтой хилчин хүн дээ.

П.Батбилэг хурандаа ийн ярив. Үнэхээр л хилчин хүнд хилийн багана, эх орон, ээж ааваас нь өөр шүтээн үгүй мэт, тусгаар тогтнол, улс орны аюулгүй байдал, орой дээрээ тавьсан сүлдтэй малгайнаас нь өөр үнэтэй зүйл байхгүй шиг ээ...



“Гэрээт хилчин – Гэрэлтэй алба” гэх энэ дөрвөн үг Сулинхээрийн отрядын хилчин бүрийн цээжинд бий. Үнэхээр энд халуун ус, дэлгүүр, цэцэрлэг, орон сууц, үсчний газар, эмнэлэг зэрэг бүтээн байгуулалтыг цогцоор нь хийж өгсөн бөгөөд ажилчин, албан хаагчдын хөдөлмөрлөх, ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлж өгчээ. Нэгэн цагт өөрчлөлт хийхийг хүсч явсан тэд, өдөр бүхэн уйгагүй хөдөлмөрлөж ийнхүү зүтгэсээр, их бүтээн байгуулалтыг бий болгосон бөгөөд асгарсан хөлсний дусал бүр нь шинэчлэлийн төлөө байв. Тиймээс хилчин бүр цээжин дотроо нар мандуулан, тусгаар тогтнол, эх орныхоо төлөө дархан хилийн харуулд зогсоно.








4.


2017.09.05

Сулинхээрийн отрядын элэгсэг түмнийг гар даллан үдэж, өчигдөр оройн хүлээн авалтан дээр дуулагдсан дууг дор бүрнээ аялдаг болчихсон “Застав минь баяртай...” хэмээн дуулсаар Эргэл Богдын зоонд хүрэв. Хатанбулаг суманд зочилсон хүн Эргэл Богдын зоог үзэж, овоонд нь чулуу өргөлгүй буцдаггүй гэнэ.

Хаа нэг бут сондуултай таарахаас өөр бөртийх зүйлгүй талаар давхиж явснаа гэнэтхэн их ангалын ирмэгт тулаад ирэх нь тэр. Харин зүүн талаасаа бол сарын газраас ч харагддаг гэдэг нь үнэн бололтой. Зурагтай ном, кинон дээр л аварга гүрвэлүүд ийм газарт нутагладаг тухай гардаг шиг... Хад асга нь улаан хүрэн элсээр урласан мэт, атгаад алгандаа үйрүүлж болмоор этгээд сонин. Нөгөөтэйгүүр хөл тавьж зүрхлэмгүй, хутагт хувилгаадын аравнайлсан газар шиг санагдаж айдас, бишрэн хүндэтгэх сэтгэл төрнө. Говийнхон Эргэл Богдын зоон дээрээ уулзан учирч, хөөрөг зөрүүлэн тамхилж, тэмээчин хүү нутгийн бор бүсгүйтэй дүүрэн сартай шөнөөр болзоонд зогсдог биз ээ.



Ийнхүү зочилсон хүн бүр овоог гурвантаа тойрч, дурсгалын зураг татуулсны дараа Хөвсгөл сумын нутагт орших Сайн Сүүжийн застав буюу хилийн 0143 дугаар ангийг зорин цуваа маань цааш хөдлөв.

Нийтдээ 165 киломерт зам туулж, газрын байдал нэлээд дов толгод, хад чулуугаар хүрээлэгдсэн хилийн 0143 ангид ирэв. Километр хүрэхгүй газрын цаана харуулын цамхаг үзэгдэнэ. Ангийн байлдагч нар хийгээд Гэрээт хилчид морин цэрэгтэй угтаж авсан нь их л онцгой сэтгэгдэл төрүүлж байв. Аргагүй адууны туураар дэлхийг донсолгож явсан хөх өвгөдийн үр сад юм даа бид гэх бодол төрнө.



Өдрийн сонины сэтгүүлч Л.Батцэнгэл, “Монцамэ” агентлагийн гэрэл зурагчин ах Н.Батбаяр нарынхаа хамт нэг өрөөнд хувиарлагдан оров. Нэг өрөөнд дөрвөн гэрээт хилчин байрладаг аж. Анх өрөөнд хөлд тавихад нэлээдгүй чамин тавилагатай, сайхан тохижуулчихсан айлын гэрт ороод ирсэн мэт санагдана.

Үдшийн 18.00 цагийн үед харуулын цамхаг байрлаж буй толгод өөд гарав. Говь гэдэг Сахарын цөл шиг их элсэн далай биш ажээ. Үлгэрийн орондоо Үнсгэлжин эргэлдэн бүжиж явахад ийм л газар дуулан байдаг шиг, чулууд нь жаргах нарны гэрэл гялалзаад... Зүүн урд зүгт дүүрэн саран хэдийн ургачихсан, морин дээрээ дөрөө жийн өндийсөн гурван харуулын цэрэг тэр л сарыг тэнгэрт нь ургуулчихаад үл үзэгдэх утсаар чирч явна уу гэлтэй алхуулж яваа үзэгдэнэ.






Хойхно талд хилийн заставын байранд хар нүдэнгүүдийн шуугилдах сонстож, айлчлан ирсэн зочдод хамаг л өнгөтэй өөдтэйгөө барьж, айраг тараг амсуулахаар нутгийнхан заставын байр луу цувна.

Арав гаруйхан километрийн цаана талд ургасан цагаан сарнай мэт гялалзах нэгэн зүйлийг гэрээт хилчин С.Чойжамц заагаад “Дархан хилийн минь торгон багана тэр харагдаж байна” гэлээ.
Хорь хүрэхгүй минутын дотор л гүйгээд хүрчихмээр санагдана.

5.

“Саруулхан тал минь салхин чимэгтэй
Сайхан чи минь санаанд уяатай...” дуу ийн эгшиглэв. Өргөн цэлгэр говийн дунд тэмээн дээрээс наран ойрхон гэдэг нь үнэн ажгуу. Дөнгөж саяхан гар барьж танилцсан гэрээт хилчний албыг хашиж буй С.Чойжамцаас гуйж тэмээний нуруун дээр гарахад тэртээд цайран үзэгдэх хилийн баганы дэргэд хүрсэн шиг их догдлол цээжинд асав. Заставын байр луу буцах үед түүнээс хэдэн асуулт асуугаад амжлаа. Тэгэхгүй бол С.Чойжамц надад олдохоосоо өнгөрнө. Учир нь бригадын генерал нь энэ заставт айлчилсан учир хүн бүр, хилчин бүхэн дор дороо ажилтай буй хэдий ч харуулын цамхагт зогсч буй цэрэгт хотоос сэтгүүлчид ирэв үү, генерал нь айлчлав уу гэдэг нь ёстой  “падлийгүй” мэт байлаа. Тэд ингэж л зүрх сэтгэл, эр зоригоороо эх орноо хамгаалж зогсоно.



-Гэрээт хилчний албыг хэдий хугацаанд хашиж байна вэ. Хугацаат цэргийн албанаас ялгаатай тал нь юу юм бол оо?

-Би энд 2017 оны 1 дүгээр ээлжээр гэрээт хилчний албанд шилжин ирсэн. Өмнө нь 0129 дүгээр ангид хугацаат цэргийн албаа хааж дуусгасан. Хугацаат, гэрээт аль нь ч байсан миний хүмүүжилд маш олон зүйлийг өгсөн. Аавын хүү үг даадаг болж, эр хүний тэсвэр тэвчээрийг сурсан. Гол нь гэрээт хилчний алба маш олон боломж, эерэг талууд ихтэй. Жишээ нь гэхэд амрах байр тав тухтайгаас гадна, цалин авч нийгмийн даатгалаа төлсөнд тооцдог. Дээр нь тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож амжилт гаргавал цалин хангамж нэмэгдэх сайн талтай.

-Үдэш, оройн цагаар хилийн ойр орчмыг эргэн харуулд гарч зогсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би өмнө нь монгол эр хүн гэж хий худлаа хөөрдөг байж. Хилийн харуулд гарч үзсэн хүн хэзээ тэгж хөөрөхгүй. Ер нь монгол хүн гэдгээ бусдад мэдрүүлэх гэж хичээхгүй. Харуулд зогсох, сонор сэрэмжтэй ажиллах, торгон хилийн баганаа хамгаалах үүргийг гүйцэтгэж байх тэр сайхан мэдрэмжийг хэнд ч хэлэхгүй, дотроо хадгалахыг хүсдэг.

-Цаашдаа албаа хааж дуусгаад юу хийх вэ. Мэдээж өмнө чинь энэ тал шиг урт, уудам зам бий шүү дээ?

-Магадгүй би цол ахиад дээшлэх боломж нөхцлийг бодож анх ирсэн. Гэтэл цолны төлөө ажиллана гэдэг жигшмээр зүйл. Энд би өөрийгөө таньж, аавын сайхан хүүхдүүдтэй нөхөрлөж, эх орноо хайрлах сэтгэлийг зүрхнийхээ гүнд хүртэл мэдэрч байна. Тиймээс цаашдаа заставдаа үлдэж ч магадгүй.

Их л олон зүйлсийн тухай хуучилсан ч сүүлчийн хариулт нь надад хангалттай санагдсан юм. Түүнд байгаа мөрөөдөл нь цэргийн том цол бус эх орноо тайван байлгах сэтгэлээс нь үүсэлтэй чин зүрхний хүсэл ажээ.

6.

2017.09.06

Талд наран ургав. Гэрээт хилчдийн гэрэл гэгээт алба, тэднийг ямаршуухан нөхцөлд ажиллаж амьдарч буйтай танилцах аялал хийгээд “Гурван үеийн Гэрээт хилчдийн уулзалт -2017” үйл ажиллагаа энэ өдийн 12:00 цагт өндөрлөв.



Сайн Сүүжийн заставын эрэлхэг хилчид гардан тулаан болоод морин үзүүлбэрээр Хил Хамгаалах Ерөнхий Газрын удирдлага, нутгийн олон болоод хэвлэлийнхний сэтгэлийг баясгаж, хийморийг сэргээв. Мөнхүү уулзалтын үеэр зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээнд байр эзэлсэн баг хамт олонд шагнал гардуулснаар үйл ажиллагаа өндөрлөж бид ч цааш замдаа гарлаа.



15:00 цагийн үед хилийн 789 дугаарын багана дээр ирэв. Энэхүү багана нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутгаас 40 гаруй километрийн зайд хилийн зурвасны дундын бүсэд байрладаг аж. Энд биднийг дагуулж явсан Сулинхээрийн отрядын дарга хурандаа П.Батбилэг болон ажилчидтай нь салах ёс хийж, дурсгалын зураг татуулав. Баганын хоёр талд гарах нь хил зөрчсөнтэй адил болох гэнэ. Нэг ч сэтгүүлч генералын үгнээс зөрсөнгүй. Цэргүүд бол хэлүүлэлтгүй мэдэх учир тайлбар илүүц биз ээ. Гүрвэлээс өөр амьд амьтны мөр ч баймгүй энэ талд хажууд нь гараад үзчихэд хэн л мэдэв гэж, юун сүртэй юм хэмээн зарим нь шивнэнэ. Бид энэ л мунхаглалаасаа салах хэрэгтэй. Хилчид ямар үнэнч, чин шударгаар эх орныхоо хилийг хайрлан дээдэлж, харуулдан хамгаалж байдгийн учрыг тэгэхэд л ухаарч билээ.



Тэндээс хөдлөөд километр ч хүрэхгүй газар яваад автобус маань элсэнд суув. Сэтгүүлчид, гэрээт хилчид бүгд нийлээд түрлээ, жаахан явж байснаа яаж ч дуу гарган хүчлээд давах юм биш. Ингээд цэргийн том камазаар чирүүлж, өөрсдөө элсэн дундуур зам ахиулан алхаж гарцгаав.

Нар тэсгэлгүй бэрэхээр шарж, хөлд бут сөөг, шарилж ороолдож, доороос элс чангаана. Говийг туулна гэдэг амаргүй даваа аж. Аманд элс амтагдаж, уруул омголтоод үргэлжид ус нэхэх ажгуу. Ийнхүү явсаар их элснээс гарч, нар бууж хорвоог шөнийн харанхуй асар том бараан хөнжлөөрөө хучсан үеэр Замын-Үүдын 0108 дугаар ангид ирлээ.



Элсэнд машин суух, халуун наранд хөлсөө цувуулан гүйх нь хилчдийн амьдралд өдөр бүр л тохиолддог энгийн үйл явдал бөгөөд бэрхшээл огтхон ч биш гэнэ. Тэднийг ийн хэлэхэд сэтгүүлчдийн багаас өдрийн явдалд гомдоллож, ядарсан гэх үг хэлэх нэг ч хүн байсангүй. Бүгд л хожим дурсахад сайхан шүү дээ гэцгээж байна. Өнгөрсөн хойно нь зовлон бүхэн жаргал байдаг гэж энэ.

7.

2017.09.07

“Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлсэн Монгол Улсын өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар анги үүсэн байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны одонгоор шагнагдлаа”. Өнгөрсөн жил ийм мэдээ уншснаа нэхэн санав.



Дээрх анги нь анх Дотоодыг хамгаалах газрын даргын 1926 оны тавдугаар сарын 1-ны өдрийн 17 тоот тушаалаар Байцаан өнгөрүүлэх салбар, УАБХЕГ-ын даргын тушаалаар 1990 онд Шалган нэвтрүүлэх тусгай боомт, ХЦУГ-ын даргын тушаалаар 1994 онд Шалган нэвтрүүлэх хороо, 2002 онд ХЗДХ-ийн сайдын тушаалаар шалган нэвтрүүлэх анги болон өргөжсөн түүхтэй.

Орчин үеийн шинэ техник технологийг ашиглан камерын хамгаалалтад 2012 онд шилжүүлэн хариуцсан хэсгийг 100 хувь дохиолол-телекамерийн  хяналтад  аван камерийн систем, дохиоллын төхөөрөмжүүдтэй хослуулах, бичлэгийн төхөөрөмж суурьлуулж сонор сэрэмж, хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж иржээ.

Хилийн цагийн байдлын өрнөлттэй, эх орны чөлөөлөх дайны жилүүд, энхийн цагт ч манай хамт олон, эх орон, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө уйгагүй хөдөлмөрлөн, ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэмцэж ирсэн хэмээн тус ангийн захирагч хурандаа Д.Ганбаатар өгүүлсэн юм.



Тус анги нь 1926 онд анх үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн улсын хил, хил орчмын дэглэмийг сахиулах үүргээ амжилттай биелүүлж, сая саяар тоологдох зорчигч, тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлэхдээ хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан олон удаагийн үйлдлийг илрүүлж, улс орны эдийн засагт учирч болзошгүй их хэмжээний бодит хохирлоос урьдчилан сэргийлсэн болон хариуцсан хэсгийнхээ хил хамгаалалтад сүүлийн үеийн техник, технологийн ололтыг нэвтрүүлж байна.

“Монгол улс 812” гэсэн нэртэй багана байрлаж бүхий толгод дээр гарав. Энэ газар БНМАУ-ын Хилийг хамгаалах бага дэслэгч Жамбаа, байлдагч Данх, Дашаа, Чойсүрэн, Сундуй нарын бүрэлдэхүүнтэй манаа 1943 оны 9 дүгээр сарын 7-нд гадаадаас хил нэвтэрсэн зэвсэгт бүлгийг няцааж гавьяа байгуулсан түүхтэй гэнэ.

“Ижий цацлын хаялгатай, Эх орны минь хил тайван байна...”

8.

2017.09.08

Хилийн баганаас хорин минутын зайд хонож үзэв. Хилийн багана дээр очиж  дайчин харуулын ёсоор ёсолж хүндэтгэл үзүүлэв. Гэрээт хилчдийн уухайтай түрлэг нийлүүлэн “паз” автобус ч түрж их говийн нэгээхэн хэсгийг туулав. Гэрэлт дорнын Улаан Уулын энгэрт гэгэлзсэн догдлолоор өөрийгөө чимж, сэтгэл нөмөрсөн гунигаа тайчив.

“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай
Холын чамд минь дуу минь хүрээсэй...” дуу ийн эгшиглэсээр аялгуу нь сэтгэл бүлээцүүлсэн өдрүүдийн дурсамж болж дотор минь үргэлж оршин байхаар дотогшоо улам гүн яргана.





“Бидний хэрхэн ажиллаж амьдарч буйг та өөрөө харж байгаа биз дээ. Энд дутагдах зүйл алга. Бид зурагт үзэж, хүсвэл интернэт хэрэглэж болно. Цаг үеийн мэдээ мэдээллийг алдалгүй авна. Өөрсдийгөө бие бялдар болоод хүн ёсны хувьд хүнлэг харилцаатай мэргэшсэн цэргүүд болгон хөгжүүлж байна” хэмээн гэрээт хилчид ярьж байв.

Жижигхэн улаан туяа үнэгний сагсалзсан сүүл шиг өнгөлзөж байснаа яах ийхийн зуургүй том улаан наран мандана. Түүн шиг гэрээт хилчний алба, энэ албыг хашиж буй хилчин залуусыг аз жаргалтай, гэрэлтэй ирээдүй угтаж буйд эргэлзэх зүйл энд лав алга.

ЭЦЭСТ НЬ ӨГҮҮЛЭХ НЭГЭН ЗҮЙЛ

Элчилгүй их талын дунд оршин буй заставын цагаан байшингуудыг хол нутгийн, танихгүй хүн харвал орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадалгүй, “хөгжлийн унаанд суух гэж гараа өргөөд хоцорсон” хөдөөний буйдхан суурин гэж эндүүрч магад. Гэвч энд бүх юм бий. Дээр нь хүн бүрийн мөрөөддөг амар амгалан аж төрөхүй байгаа. Бас хилийн харуулд зогсох дайчин эрс, тэдэнд хоол унд, морь малаар тусалж дэмжин, сэжигтэй мөр харагдвал застав руу цаг алдалгүй мэдээлэл хүргүүлдэг “тусгай хүчин” гэх тодотголтой М.Машбат гуай шиг нутгийн цагаан цайлган сэтгэлтнүүд ч олон. Хэн ч хот газар луу тэмүүлж, хөгжилд хөл нийлүүлэн алхаж, мөрөөдлийн том байшинд дэлгэц ширтэн амарч хэвтэх тухай боддоггүй. “Ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж бүгд л хотын төв бараадахсан гэж ярьдаг болсон өнөө цагт их хотод очоод зурагт ширтэн таатайхан амьдарч болдоггүйг хүмүүс ойлгох цаг ирэх байлгүй” гэж М.Машбат гэх даруухан бор авгай хэлэв. Тийм шүү, тэр цаг ирнэ. Хүмүүс ойлгох тусмаа хөдөө талыг мөрөөдөж эцсийн “цэг” дээрээ эргээд буухыг хүснэ. Нүүдэлчин түмэн ийн нүүсээр л... Алсыг зорих бус нэг тойрогтоо эргэлдэж, анхлан буусан цэг дээрээ ахиад хүрнэ. Тэнд нь ямагт гэрэлтэй ирээдүй тосно гэдэгт үл эргэлзнэм.


 
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Н.Батбаяр
 

Монгол брэнд