top banner

АНУ-ын 40 муж улсын Ерөнхий прокурорууд кибер халдлагад өртсөн “Equifax”-ийн үйл ажиллагааг шалгана


2017-09-14 10:36:01
Зураг
НЬЮ-ЙОРК./ТАСС/. Америкийн 40 орчим муж улсын Ерөнхий прокурорууд томоохон хэмжээний кибер халдлагад өртсөн “Equifax” зээлийн түүхийн товчооны үйл ажиллагааг мөрдөн шалгахаар болсон тухай лхагва гарагт Их Британийн “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, мөрдөн шалгалтыг Иллинойс муж улсын Ерөнхий прокурорын газар удирдах ба уг шалгалтад одоогийн байдлаар 40 орчим муж улс нэгдээд байгаа аж. Эрх баригчид тус компани үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг хулгайд алдахгүй байхын тулд ямар арга хэмжээ авч байсныг нь шалгах аж.

Өнгөрсөн долоо хоногт “Equifax” компани кибер халдлагад өртсөнөөр гэмт этгээдүүд тус компанийн ойролцоогоор 143 сая үйлчлүүлэгчийн мэдээлэлд нэвтэрсэн гэж мэдээлсэн юм.

Хакерууд дээрх үйлчлүүлэгчдийн овог нэр, даатгалын дугаар, төрсөн он сар өдөр, хаяг, жолооны үнэмлэхний дугаар зэрэг мэдээлэлд нэвтэрсэн байна. Мөн гэмт этгээдүүд 209 000 хүний зээлийн картын дугаарыг мэдэж авчээ.

АНУ-ын Жорж муж улсын Атлант хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Equifax” компани 1899 онд байгуулагджээ. Тус компани 800 сая гаруй хүний зээлийн мэдээлэл, дэлхий даяарх 88 сая компанийн мэдээллийг хадгалдаг байна.
О.Барс 

Монгол брэнд