top banner

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна


2017-09-14 11:10:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байгааг НЗДТГ-аас мэдээлэв.

НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс өчигдөр буюу энэ сарын 13-нд нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгасан байна.

Нийслэлийн иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг салбар бол нийтийн тээвэр юм. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангахын тулд нийтийн тээврийн хэрэгсэл өнгө үзэмжтэй, цэвэр тохилог, дулаахан байх шаардлагатай хэмээн НЗД-ын орлогч П.Баярхүү хэллээ.

Тэрбээр, “Олон нийт, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өнгөрсөн наймдугаар сард нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цэвэрлэгээ, жолоочийн ёс суртахууны асуудалтай холбоотой гомдол ирсэн. Үүний дагуу нийтийн тээврийн автобусны компаниудад үзлэг, шалгалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Гэвч нийтийн тээврийн цэвэрлэгээ, жолоочийн соёлын асуудлыг шүүмжилсэн гомдол тасрахгүй байна. Тиймээс нийтийн тээврийн байгууллагууд энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс боломжтой дэмжлэгүүдийг үзүүлж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэж өгөх болно” гэлээ.

Нийтийн тээврийн компаниудын зүгээс автобусны эцсийн буудлууд дээр хогийн цэг байгуулах хүсэлт тавьлаа. Учир нь эцсийн зогсоол дээр хогийн цэг байдаггүйгээс цэвэрлэгээгээ тогтмол хийж, хогоо хаяж чаддаггүй хэмээсэн юм.

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил ирэх сарын 01-нд бүрэн дуусахаар төлөвлөж байгаа аж.

Ч.Ариунболд

Монгол брэнд