top banner
Шуурхай мэдээ

Монгол Улс, НҮБ-ын “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд нэгдэнэ


2017-09-14 11:47:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-нд Монгол Улсад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм айлчилж байна.

Ноён Эрик Солхейм тэргүүтэй төлөөлөгчидтэй БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ахалсан тус яамны төлөөлөл лхагва гарагт уулзжээ. Уулзалтаар БОАЖ-ын сайд, ноён Эрик Солхеймд Монгол орны байгаль орчны салбарыг танилцуулж, агаар, орчны бохирдолын асуудалд технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, бусад улсын тэргүүн туршлагаас судлан өөрийн онцлогт тохируулан ажиллах сонирхолтой гэдгээ хэлж байв. Мөн уг асуудлын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэд болон бүх талын оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Улмаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ДЭМБ, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр болов. Монгол Улс тус аянд нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Ноён Эрик Солхейм Монгол Улсын Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсныг сайшаагаад цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаа. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, ААН-үүдийн төсөл хөтөлбөрүүдийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Мөн байгальд ээлтэй технологийг хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч энэ сангаас хүү багатай, урт хугацаатай зээл олгохоор төлөвлөсөн.

Ногоон зээлийн сангийн эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг Уур амьсгалын ногоон сангаас гаргаж, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийт 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын нэг илрэл билээ.

Д.Өлзий

Монгол брэнд