top banner

Испанийн Каталони мужийн 700 гаруй удирдах албан тушаалтан шүүхэд дуудагджээ


2017-09-14 12:29:28
Зураг
МАРДИД. /Би-Би-Си/. Хуулиар хориглосон бүх нийтийн санал асуулгыг дэмжиж байгаа эсэхийг нь асуухаар Испанийн Ерөнхий прокурор Каталони мужийн 700 гаруй удирдах албан тушаалтныг дуудсан тухай Их Британийн "Би-Би-Си" телевиз мэдээллээ.

Прокурор Жозе Мануэль Маза өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хэрвээ дуудсан хугацаанд ирэхгүй бол Испаниас тусгаар тогтнох асуудлаар ирэх сард явуулах гэж байгаа бүх нийтийн санал асуулгыг дэмжиж байна гэж үзэн Каталони мужийн хот суурин газруудын дарга нарыг баривчлах болно” гэжээ.

Бүх нийтийн санал асуулгын саналын хуудсууд болон сурталчилгааны материалуудыг хурааж авахыг прокурорууд үүний өмнөх өдөр холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.

Каталони муж тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах гэж буйг Испанийн дээд шүүх “хууль бус үйлдэл” гэж үзэн хориглосон хэдий ч тус муж төлөвлөснийхөө дагуу ирэх сарын 1-нд санал асуулга явуулах гэж байна.

Хэрвээ бүх нийтийн санал асуулга явуулбал Испанийн прокурорууд холбогдох албаны хүмүүст “төсвийн мөнгийг буруугаар ашигласан” гэх үндэслэлээр ял тулгаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

“Би-Би-Си” телевизийн мэдээнд дурдсанаар, өөрийн гэсэн хэл, соёлтой каталоничууд нь өөртөө засах эрхтэй хэдий ч Испаниас салж тусгаар тогтнохыг тус мужийн иргэдийн бараг 50 хувь нь дэмжиж байгаа аж.
 
Испанийн хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Каталонид татварын орлогоос хэтэрхий их мөнгийг Мадридад буюу Испанийн төв засгийн газарт өгч байна гэх яриа тархах болсон нь тусгаар тогтнох асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргахад хүргэжээ.
Г.Доржханд


 

Монгол брэнд