top banner

Холимог тулааны хагас хүнд жингийн тулаанч Ж.Жонсын аваргын цолыг хураажээ


2017-09-14 14:06:43
Зураг
НЬЮ-ЙОРК./ТАСС/. Америкийн холимогтулааны тамирчин Жон Жонс сэргээшийн дүрэм зөрчсөний улмаас UFC-ийн буюу холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хагас хүнд жингийн үнэмлэхүй аваргын цолоо хураалгажээ. Энэ тухай Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний байгууллагын хэвлэлийн алба мэдээллээ.
 
Калифорни муж улсын Атлетикийн комисс 7 дугаар сарын 30-нд болсон тулаанч Ж.Жонс, Америкийн тамирчин Даниэл Кормье хоёрын холимог тулааны үнэмлэхүй аваргын төлөөх тулааны дүнг хүчингүй болгох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр тулааны аваргын бүс эргэн Д.Кормье-д ирж байгаа юм.

7 дугаар сарын 30-нд Ж.Жонс "UFC 214" тэмцээний гуравдугаар үед Д.Кормье-г нокаутаар ялсан юм. Гэсэн хэдий ч уг тулааны өмнө авсан сэргээшийн сорил нь эерэг дүнтэй гарчээ. Тулааны тамирчны шээснээс нь “туринабол” гэдэг хориотой бодис илэрсэн болохыг сэргээшийн “Б” сорил нотолж байгааг лхагва гарагт зарлажээ. Үүний дүнд, өдгөө 30 настай тулааны тамирчин Ж.Жонс дөрөв хүртэл жилийн хугацаагаар тэмцээнд оролцох эрхээ хасуулж магадгүй болжээ.

Одоогийн байдлаар Ж.Жонс холимог тулааны төрөлд 22 ялалт /9 нокаут/, нэг ялагдалтай болжээ. Тэрбээр сэргээшийн сорилд хоёр дахь удаагаа бүдэрч байгаа нь энэ бөгөөд 2016 оны 7 дугаар сард Ж.Жонс UFC 200 тэмцээний өмнө сэргээшийн сорилд унаснаар АНУ-ын сэргээштэй тэмцэх агентлаг түүний тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилээр хасч байжээ.
О.Барс 

 



Монгол брэнд