top banner
Шуурхай мэдээ

Бүс нутагт эдийн засгийн хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхийг чухалчлав


2017-09-14 14:44:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэллээ.

Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ хурлыг нээж хэлэхдээ, “Зүүн хойд Азийн бүс нутаг бол дэлхийн эдийн засагт чухал нөлөө бүхий дэлхийн томоохон эдийн засгууд байрладаг орнуудтай бүс нутаг билээ. Олон улсын эрдэмтэн судлаачид 21 дүгээр зууныг Азийн зуун хэмээн тодорхойлж, дэлхийн эдийн засагт Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүд хойд Азийн орнууд оройлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна. Энэхүү бүс нутагт дэлхийн гурван том эдийн засгийн хоёр нь байрлаж байгаа ба бүс нутгийн орнуудын эдийн засгийн харилцан хамаарал улам бүр нэмэгдсээр байна.

Түүнчлэн олон улсын харилцаа улам бүр эдийн засаг дээр суурилах болсноор дэлхийн улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой өсөлтөө хангах, бусад улс орнууд, бүс нутгуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэхийг эрмэлзэх боллоо. Гэвч Зүүн хойд Азид эдийн засгийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, зарим орнууд түүхэн үйл явдал, улстөрийн уур амьсгалаас үүдсэн үл ойлголцол, үл итгэлцэл оршсоор байна. Тус бүс нутагт эдийн засгийн хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, энэ чиглэлээр үр дүнтэй санал санаачилга гаргаж, хэрэгжүүлэх нь бүс нутгийн орнуудын өмнө тулгарсан чухал зорилт болоод байна" гэв.



Үүний дараа ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин хэлэхдээ, “Бүс нутаг дахь орнууд цэргийн номлол, бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт хийж, батлан хамгаалахын салбарын төсвөө нэмэгдүүлж, бүс нутагт зэвсэглэлээр хөөцөлдөх явдал өсөх хандлагатай байгаа нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна. Хоёрдугаарт их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн ширүүсч, жижиг гүрнүүдэд сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Гуравдугаарт бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ хэн нэгнийг гадуурхан үлдээж, эсвэл хоёр талаар нь тойрч гарч болохгүй юм. Ганцаардсан улс бүс нутгийн хамтын ажиллагаанд сайнаар нөлөөлөхгүй тул хамтаараа асуудлыг шийдэх хэрэгтэй. Хамтаараа асуудлыг шийдэж, цугтаа хөгжиж чадвал бүс нутгийн аюулгүй байдал хангагдана. Норвегийн нэгэн парламентын гишүүн Бүс нутгийн аюулгүй байдал гэдэг буу бөмбөг биш. Аюулгүй байдал гэдэг бол ард түмэн итгэж болохуйц урт хугацааны тогтвортой байдлыг хангах явдал юм хэмээн хэлсэн байдаг” гэсэн юм.
ОХУ-ын ШУА-ын Алс Дорнодын хүрээлэнгийн судлаач Василий Кашин энэ үеэр “Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ОХУ-ын үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэл тавьсан. Түүний ярьснаас үзвэл, Өдгөө цагт ОХУ-ын эдийн засгийн 30 хувь нь Зүүн хойд Азиас хамааралтай болжээ. Өмнө нь тус улсын Зүүн хойд Азитай хийх эдийн засгийн хамтын ажиллагаа 17 хувьтай байсан аж. Ийнхүү уг бүс нутаг руу ОХУ анхаарал хандуулах болсон нь эрдэс баялгийн экспорттой холбоотой. Учир нь хойд хөрш нь уул уурхайн ихээхэн баялагтай, үүнийгээ баруун руу гаргахаасаа Зүүн хойд Азийн улс орнууд руу экспортлох нь илүү давуу талтай. Ингэхдээ энэхүү эдийн засгийн чиглэлийг тэлэхийн тулд дэд бүтцийн салбарыг түлхүү хөгжүүлэх нь ойрын ирээдүйн хандлага болоод байна” хэмээн ярьлаа.

Харин БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Юань Чинээс бүс нутагт учирч буй аюулгүй байдал, түүнийг даван туулах арга замын тухайд асууж тодрууллаа. Түүний үзэж байгаагаар, “Хятад улсын эдийн засаг маш их тэлж байна. Энэ нь бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлж байгаа хэрэг болох нь гарцаагүй.  Би өнөөдрийн хурлын үеэр тавьсан нэг илтгэлийг сонслоо. Тэрхүү илтгэлд Зүүн хойд Ази нь  эдийн засаг болоод улстөрийн нөхцөл байдлын хувьд дэлхийд чухал байр суурь эзэлж байна гэх дүгнэлттэй санал нэг байна” гэв.

Тус олон улсын бага хурал маргааш үргэлжилнэ. Хурлаар Зүүн хойд Азийн эдийн засгийн аюулгүй байдал, хөгжил, хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийж, бус нутаг, улс орны хөгжил, аюулгүй байдалд үзүүлэх стратегийн ач холбогдлыг нэгтгэн дүгнэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хамтын ажиллагааны механизмын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахаар хэлэлцэж байна.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал 

Монгол брэнд