top banner
Шуурхай мэдээ

Д.Оюунхорол: Байгаль орчны асуудлыг улс төржихгүйгээр шийдвэрлэх шаардлага тулгарч байна


2017-09-14 15:15:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын урилгаар 13-14-ны энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Айлчлалаар хэлэлцэж, тохиролцсон асуудлууд болон зорилго, ач холбогдлын талаар өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм нар хамтарсан мэдээлэл хийлээ. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ үеэр НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаарын холбооноос хамтран санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд Монгол Улс нэгдэхээр болсныг дуулгалаа. Энэхүү аянд Монгол Улс нэгдсэнээр агаарын бохирдолтой тэмцэж буй бүхий л улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэх юм. Энэ талаар тэрбээр “Сүүлийн жилүүдэд хот суурин газарт агаарын бохирдол хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн. Энэ асуудлыг цаг алдалгүй, үр дүнтэй шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 3 дугаар сард Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхеймтэй хийсэн уулзалтын үр дүн “Цэвэр агаар амьдралын үндэс” аянд нэгдэхээр болсныг дуулгахад таатай байна. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэх гарц хайж, БОАЖЯ-наас санаачлан төр, хувийн хэвшлийн түншлэл дээр тулгуурласан Ногоон зээлийн сан байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангаж дуусаад байна. Энэ хүрээнд байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэхээр зорьж буй эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрийг олон улсын томоохон сангуудаас санхүүжүүлэх боломж нээгдэж байгаа. Мөн байгальд ээлтэй технологи хэрэглэх хүсэлтэй иргэдэд ч тус сангаас бага хүүтэй, урт хугацааны зээл олгохоор төлөвлөсө. Ногоон сангийн эхний шатны санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж,  дээр нь  Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийтдээ 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаад баяртай байна. Энэ бүхэн нь Монгол Улсын Засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн төлөө эхлүүлсэн томоохон ажлуудын илрэл юм” гэв.

Мөн тэрбээр агаар, орчны бохирдол, цөлжилтийн асуудлыг улс төржүүлэхгүйгээр шийдвэрлэх, гарц хайх шаардлагатай байгааг онцлоод тогтвортой санхүүжилт чухал шаарддаг энэ салбарт үр дүнтэй ажил эхлүүлж байгааг тэмдэглэсэн юм.


 
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсын Засгийн газраас Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсныг сайшаагаад цаашид хамтарч ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Монгол Улс НҮБ-ын хүрээнд санаачилж буй “Цэвэр агаар амьдралын үндэс” хөтөлбөрт нэгдэж буй анхны улс болж байгаад бахдалтай байна. Агаарын бохирдол дэлхийн хэмжээнд хүндрэлтэй асуудал болж байгаа. Тиймээс НҮБ агаарын бохирдолгүй дэлхийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Жилд 7 сая орчим нялх хүүхэд агаарын бохирдлоос улбаалсан өвчнөөр амь насаа алдаж байна. Агаарын бохирдлоос хүн өөрөө өөрийгөө хамгаалж болох ч техник технологийн дэвшилтэт ололтыг ашиглах шаардлагатай байгаа. Жишээ нь Монголын хувьд түүхий нүүрсийн хэрэглээгээ багасгах, таслан зогсоох гэх мэт. Монгол Улсын тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдлыг бууруулахад дунд болон урт хугацааны стратегийг боловсруулах нь чухал. Тэр утгаараа бидний зүгээс юун түрүүнд шийдвэр гаргагчдын түвшинд төрийн байгууллагуудтай хамтарч ямар гаргалгаа байж болох вэ гэдгээ хэлэлцэж, гарцаа олно. Түүний дараа хэрэгжүүлэхийн тулд ямар техник, технологи нэвтрүүлэх нь чухал вэ гэдгийг авч үзнэ. Түүнээс гадна хүрэн буюу нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох болон түлшээр явдаг тээврийн хэрэгслийг хийн болгох чиглэлд ажиллана. Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллана. Жишээ нь нүүрсийг сэргээгдэх эрчим хүчээр, бензинээр явдаг автомашиныг цахилгаанаар солих хэмжээнд хүртэл тултал нь ажиллана гэж төлөвлөж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр айлчлалаар зөвхөн агаарын бохирдлын асуудлыг хөндөлгүй байгаль орчныг хамгаалан, эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах олон арга замыг ярилцсанаа онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн хариуцлагатай уул уурхай, хог хаягдлын менежментийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн аж.

Н.Гантуяа

Монгол брэнд