top banner
Шуурхай мэдээ

ДАШТ-ээс медаль хүртсэн жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв


2017-09-14 16:04:19
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар сонирхогчдын боксын “Хамбург-2017”, жүдо бөхийн "Будапешт-2017", чөлөөт бөхийн "Парис-2017" насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид болон багш дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Жүдо бөхийн“Будапешт-2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа алт, 48 кг-д М.Уранцэцэг мөнгө, 63 кг-д Б.Мөнгөнчимэг хүрэл, эрэгтэйчүүдийн +100 кг-д Н.Түвшинбаяр, 60 кг-д Г.Болдбаатар, 73 кг-д Г.Одбаяр нар хүрэл медалийн эзэд болж, Монголын жүдочид багаараа гуравдугаар байр эзэлсэн юм. Тэд энэхүү хүндэтгэлийн ёслолд багийнхаа ахлах дасгалжуулагч, Ардын багш, гавьяат дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй багш нарын хамт хүрэлцэн иржээ.  
Харин чөлөөт бөхийн "Парис-2017” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60 кг-д алтан медалийн эзэн болсон П.Орхон , эрэгтэйчүүдийн 57 кг-д хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаяр нар багш нарын хамт ирсэн байлаа.



Мөн сонирхогчдын боксын “Хамбург-2017” ДАШТ-ий 60 кг-д хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай, Ардын багш Д.Баньди, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, ОУХМ Н.Мөнхсайхан, олон улсын шүүгч О.Мандахбаяр нарын хамт ирсэн байв.

Сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар "Монгол Улсын нэрийг дэлхийн спортын талбарт мандуулж байгаа тамирчдаараа монголчууд үргэлж бахархаж байдгийг онцлоод Биеийн тамир, спортын салбарт төрөөс байнга анхаарч бүх зориулалтын шинэ спорт байгууламжуудтай болох шаардлагатай гэдгийг та бүхний амжилт нотлон харуулж байна. Мөн тамирчид, дасгалжуулагчдаа дэмждэг санг салбар яамны дэргэд бий болгож бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаанд оролцох зардлыг эндээс гаргах нэг боломж байгаа" гэдгийг хэлж байв.
Д.Өлзий  

Монгол брэнд