top banner
Шуурхай мэдээ

“Disney” кино компани “Оддын дайн” цуврал киноны есдүгээр ангийг дэлгэцэнд гаргах хугацаагаа зарлалаа


2017-09-15 15:07:03
Зураг
НЬЮ-ЙОРК./ТАСС/. “Оддын дайн” цуврал киноны есдүгээр ангийг АНУ-д 2019 оны 12 дугаар сарын 20-нд дэлгэцэнд гаргаж эхлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай мягмар гарагт уг цуврал киноны эрхийг эзэмшигч “Disney” компаниас тараасан мэдээлэлд дурджээ.

Ингэснээр “Disney” компани уг киног дэлгэцэнд гаргах хугацааг хагас жил гаруй хугацаагаар хойшлуулж байгаа юм. Үүнээс өмнө мэдээлж байснаар тус кино 2019 оны 5 дугаар сард гарахаар байсан юм. “The Hollywood Reporter” сэтгүүлийн мэдээлснээр, хугацаагаа ийнхүү хойшлуулж байгаа нь тус киноны найруулагч солигдсонтой холбоотой байж магадгүй аж. Өнгөрсөн долоо хоногт тус киноны есдүгээр ангийн зураг авалтыг хийх ёстой байсан найруулагч, кино зохиолч Колин Треворроу уг төслөөс гарч байгаа нь тодорхой болсон юм. “The Hollywood Reporter” сэтгүүлийн мэдээлснээр, ийнхүү гэрээгээ цуцлах болсон цаад шалтгаан нь К.Треворроу кино зохиолын талаар “Disney” компанитай санал зөрөлдсөн явдал болжээ.  

Мягмар гарагийн үдээс өмнө “Disney” кинокомпани “Оддын дайны” есдүгээр ангийн ерөнхий найруулагчаар тус киноны долдугаар ангийг найруулсан Америкийн найруулагч Жей Жей Абрамс ажиллана гэж мэдэгджээ.
О.Барс 

Монгол брэнд