top banner

Драмын шилдэг цуврал кино номинацид “Үйлчлэгчийн яриа” цуврал кино "Эмми"-ийн шагнал хүртжээ


2017-09-18 14:59:27
Зураг
НЬЮ-ЙОРК./ТАСС/. “Үйлчлэгчийн яриа” /The Handmade’s Tale/ цуврал кино гол номинацид "Эмми"-ийн шагнал хүртжээ. Телевизийн шилдэг бүтээлд олгодог АНУ-ын энэ нэр хүндтэй шагналын 69 дэх удаагийн ёслол ням гарагт Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт болсон ба уг ёслолыг Америкийн “CBS” телевиз шууд дамжуулжээ.

“Үйлчлэгчийн яриа” кино “Шилдэг драмын цуврал кино” номинацид “Хөзрөн байшин” /House of Cards/, “Титэм” /The Crown/, “Соултай ярьсан нь дээр” /Better Call Saul/, “Зэрлэг барууны ертөнц” /Westworld/, “Их хачин хэрэг” /Stranger Things/, “Энэ бол бид” /This Is Us/ бүтээлүүдийг ардаа орхин тус нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.

Шилдэг инээдмийн цуврал киногоор гурван жил дараалан “Дэд ерөнхийлөгч” /Veep/ кино шалгарчээ.

Драмын цуврал киноны шилдэг жүжигчнээр Стерлинг К. Браун “Энэ бол бид” бүтээлээрээ тодорсон бол “Драмын цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” ангилалд “Үйлчлэгчийн яриа” киноны гол дүрд тоглосон жүжигчин Элизабет Мосс тодорчээ. 

“Инээдмийн цуврал киноны шилдэг туслах дүрийн жүжигчин” номинацид “Бямба гарагийн үдэш шууд эфирээр” шоунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дууриан элэглэснээр жүжигчин Алек Болдуин тус шагналыг хүртсэн байна. Мөн яг ийм эмэгтэй номинацид Хиллари Клинтоныг дууриан элэглэсэн жүжигчин Кейт Маккиннон түрүүлжээ.

1949 онд батлагдсан "Эмми"-ийн шагнал нь АНУ-д телевизийн урлагийн салбартаа “Оскарын” шагналтай дүйцэхүйц нэр хүндтэй шагналд тооцогддог байна. Ялагчдад урлагийн тэнгэрийг бэлгэдсэн, сунгасан хоёр гартаа атом атгасан эмэгтэйн дүрс бүхий гурван килограмм жинтэй барималыг гардуулдаг ажээ.
О.Барс 

Монгол брэнд