top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын Сенатч Пхеньянтай дипломат харилцаагаа таслахыг Монголд уриалав


2017-09-19 09:10:35
Зураг
ВАШИНГТОН. /Ньюс Макс/. Умард Солонгосоос дипломат болон эдийн засгийн харилцаагаа таслахыг АНУ-ын Бүгд найрамдах намын сенатч Кори Гарднер даваа гарагт 21 улс оронд уриалжээ.

Америкийн “Ньюс Макс” цахим хуудсанд бичсэнээр, сенатч К.Гарднер Хятад улсаас АНУ-д суугаа Элчин сайд Цүй Тенькид илгээсэн захидалдаа “БНАСАУ-тай дипломат болон эдийн засгийн бүх харилцаагаа албан ёсоор таслахыг би танай улсын засгийн газарт уриалж байна. Тухайлбал, БНАСАУ дахь дипломат төлөөлөгчийн газруудаа бүгдийг нь нэн даруй хаахыг уриалж байна” гэжээ.

Мөн тэрбээр уг захидалдаа “Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл нь БНАСАУ-ыг улс төр болоод эдийн засгийн хувьд тусгаарлах цаг ирээд байна. Дипломат харилцаагаа албан ёсоор таслахгүй л бол энэ улс орон олон улсын хуулийг үл хүндэтгэж, болчимгүй үйлдлээр дэлхий нийтийг заналхийлсээр байх болно” гэжээ.

Сенатч К.Гарднер нь Бразил, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Болгар, Камбож, Куба, Чех, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Монгол, Нигери, Пакистан, Польш, Румын, Орос, Швед, болон Вьетнамаас АНУ-д суугаа Элчин сайд нарт дээрхтэй адил агуулгатай захидал илгээхээр төлөвлөжээ.

Пхеньян өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дахин Японы газар нутгийг давуулан Номхон далай руу баллистик пуужин харваж, энэ сарын 3-нд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан тэрбээр ийн уриалахад хүрчээ.

Мөн Умард Солонгосын Байнгын төлөөлөгчийг хөөхийг НҮБ-д тэрбээр уриалсан байна.

https://www.newsmax.com/Politics/cory-gardner-colorado-sanctions-nuclear-weapons/2017/09/18/id/814308/

Г.Доржханд

 

 

Монгол брэнд