top banner
Шуурхай мэдээ

Алт тушаалт 1.1 тонноор өсчээ


2017-09-20 16:09:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ сарын 1-15-ныг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжээс нийт 1.4 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.1 тонноор өссөн үзүүлэлт юм.

Алт тушаалтын нийт дүн 2017 оны эхний есөн сарын байдлаар 13.6 тоннд хүрлээ. Монголбанкинд алтаа тушаавал алт олборлогч байгууллага, иргэд ашигт малтмалын нөөц ашигласны  татвар /АМНАТ/ 2.5 хувийг төлдөг бол экспортолсон тохиолдолд үүнээс хоёр дахин өндөр татвар төлөх юм.

Монгол Улсын олборлон баяжуулж буй алтны дундаж агуулга 85 хувь байдаг. Энэ хэрээрээ алтыг олон улсын зах зээлд борлуулахад 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай бөгөөд гадаадад алт цэвэршүүлэхэд  экспортын татвар, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал гардаг аж. Харин Монголбанкинд алтаа тушааснаар Лондонгийн үнэт металлын захын үнээр эрсдэлгүй, бусад нэмэлт зардалгүй алтаа худалдах боломжтой юм.

Монголбанкинд алт худалдах нь Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад  хувь нэмрээ оруулах ач холбогдолтой гэдгийг Төвбанкны мэргэжилтнүүд онцлов.
Б.Заяа
 

Монгол брэнд