top banner
Шуурхай мэдээ

27 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ


2017-09-20 23:33:35
Зураг
Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ХХААГ-аас “Дорноговьд үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг албаны байгууллагуудтай хамтран энэ оны 09 дүгээр сарын 15-16-нд Сайншанд сумын "Соёмбо" цогцолбор, Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх хүнсний үйлдвэрлэл газар тариалан хийгээд бусад үйлдвэр  эрхлэгчдийг харилцан туршлага судлуулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд 14 сумын 103  иргэн, аж ахуй нэгж оролцов.
Үйлдвэрлэл эрхлэгчид нийт  6658 литр  сүү, цагаан идээ, 37 тонн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ,  435 кг гурилан бүтээгдэхүүн, 299 кг  боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 400 гаруй нэр төрлийн эсгий, арьс ширэн, чулуун эдлэл, оёмол сүлжмэл, хатгамал, сийлбэр, хайчилбар, модон  эдлэл, алт мөнгөн эдлэл, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж 27,795,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын дагуу тарвасыг  хаяг шошготой болгон худалдаалсан нь шинэлэг ажил болж үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн аж.Мөн  шилдэг тарвас, хамгийн амттай тарвасыг ч шалгаруулжээ.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос 11 төрлөөр шилдгүүдийг шалгаруулахад   Иххэт сумын иргэн Д.Туяа шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн, Замын-Үүд сумын “Баярт хайрхан уул” ХХК шилдэг боловсруулсан махан бүтээгдэхүүн, малын дайвар бүтээгдэхүүн, Замын-Үүд сумын  “Морс Трейд сервис” ХХК  шилдэг гурилан бүтээгдэхүүн,  Айраг сумын иргэн С.Даваажав  шилдэг төмс хүнсний ногоо үйлдвэрлэгчээр шалгарав.
Харин  Сайншанд сумын иргэн  А.Цогтбаатар шилдэг бэлэг дурсгал, Сайншанд сумын иргэн Ө.Сугар шилдэг тарвас, Сайншанд сумын иргэн П.Нарантуяа хамгийн амттай тарвас, Иххэт сумын иргэн Т.Алтантуяа шилдэг оёмол, сүлжмэл, хатгамал бүтээгдэхүүн, Дэлгэрэх сумын иргэн Б.Мянганбаатар шилдэг арьс, ширэн бүтээгдэхүүн, Алтанширээ сумын иргэн н.Ариунтуяа  шилдэг сав баглаа боодол,  Сайншанд сумын иргэн А.Цогтбаатар шинийг санаачлагч-,Сайншанд сумын “Мөнх-Ашиг” хоршоо шилдэг хоршоо, Даланжаргалан  сум  шилдэг сумаар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд