top banner
Шуурхай мэдээ

Үндэсний номын баяраар уншигчдад хүрэх шинэ бүтээлүүд


2017-09-21 10:13:19
Зураг
Номд хайртай, оюунлаг залуусын тэсэн ядан хүлээдэг "Ulaanbaatar Book Fair" номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар боллоо. 20 дахь удаагийн номын баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой байдаг билээ.
“Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л газрууд талбай чуулах болно.
Харин номын баярын үеэр л уншигчдад хүрэх, хараахан худалдаанд гараагүй шинэ номууд болон тус баярын үеэр худалдан авах боломжтой шинэ соргог номын мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.  

ПИГИЙН АМЬДРАЛ

Дэлхий дахины дөчин хэлэнд орчуулагдаж, 10 сая хувь борлогдсон “Пигийн амьдрал” хэмээх гайхалтай романыг манай орны уншигчид киногоор нь илүүтэй мэдэх биз ээ. Тэгвэл “Тагтаа паблишинг”-ийн хамт олон  орчин үеийн утга зохиолын сор бүтээлүүдийн нэг болох уг романыг зохиогчоос авсан албан ёсны эрхийн дагуу, Канадын “Westwood Creative Artists” хэвлэлийн агентлагтай хамтран монгол уншигчдадаа өргөн барьж байна.

Энэхүү гайхалтай бүтээлийг залуу орчуулагч Батсайханы Сувддулам уран яруу, утга төгөлдөр орчуулан монгол уншигчдын гар дээр хүргэж буйг тус паблишингийн хамт олон мэдээллэсэн юм. “Тагтаа”-гийн хамт олон бүтээлийн сонголт, орчуулгын чанараараа ямагт тэргүүлдгийг уншигчид нь дуу нэгтэйгээр зөвшөөрөх болов уу.

Зохиолч Янн Мартел 1963 онд Канадад төржээ. “Пигийн амьдрал” роман нь 2002 онд англи хэлт утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Мэн Бүүкэрийн шагналыг (Man Booker Prize) хүртэж, Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг жаран нэгэн долоо хоног тэргүүлсэн байна. 2012 онд “Пигийн амьдрал” романаар хятадын нэрт найруулагч Ан Ли ижил нэрт кино хийж, Оскарын хэд хэдэн төрөлд шагнал хүртсэн байна.

СҮҮДЭРТ ГЭТЭХ АЛБИН
Японы адал зохиолын хаан Эдогава Рампогийн "Сүүдэрт гэтэх албин" орчуулагч Д.Дашмөнхийн монголчилсноор хэвлэгдэн гарчээ. Энэ бол түүний хамгийн алдартай зохиолуудын нэг бөгөөд тус туужаас сэдэвлэн хэд хэдэн кино бүтээсэн байдаг гэнэ.

“Түүний зохиолуудыг үнэхээр хүний гажиг сэтгэхүй, хэвийн бус гэмээр секс элемэнтүүд, ухамсраас гадуур орших бодит байдал, айдас хүйдэс төрүүлэх далд ухамсрын үйлдэл, ургуулан бодох тусам биелчихэж болмоор, биелэх тусмаа цочирдон ухаан алдмаар аймшигтай явдлуудын товчоо гэж хэлье л дээ” хэмээн орчуулагч өгүүлсэн юм.

Цагтаа Эдгар Аллан По америкийн романтизмийн үлгэр жишээ болсон бол Эдогава Рампо утга зохиол дахь модернизм хийгээд постмодернизмийн их давалгааг ажралгүй давж, тэр бүү хэл түүнтэй зохицон орчин цагийн японы урлагийн бас нэг өвөрмөц өнгө төрх нь болж хувираад байгаа юм.

Бүхий л зүйлс яг зүүд шиг, орчин үеийн бүх урлагийг нэгэн дор цутгасан мэт өрөөнд төөрчихөөд гарч чадахгүй байгаа хүн шиг байдалд уншигчдыг аваачдаг. Тэнд бид хар дарсан зүүдэндээ л үзэж болмоор аймшигт аллага, солиот хүмүүсийн зугаа цэнгэл, зохиолчдын уран сэтгэмжинд төөрөлдөж гүйцээд өөрийнхөө гар хөлийг зүсч үзмээр санагдах жинхэнэ садомазохист болон хувирч эхлэхэд л Рампо уншигчаа өнөөх хонгилоос огцомхон хөөгөөд гаргачихна. Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.

“САРТР” - ЗУРАГТ ХӨТӨЧ

“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй философийн зурагт хөтөч цувралын эхнийхээр XX зууны хүн төрөлхтний сэтгэлгээний хамгийн том ололт болох модернизмын тухай өгүүлсэн "Модернизм - зурагт хөтөч" номыг уншигчдадаа танилцуулсан билээ. Тэгвэл цувралын дараагийнхаар XX зууны хүн төрөлхтний оюун сэтгэлгээний бас нэгэн том тунхаг болсон экзистенциалист философийг үндэслэгч Жан Поль Сартрын тухай өгүүлсэн ном хэвлэгдэн гарлаа.

"Байх ба юу ч биш", "Огиудас", “Үг” зэрэг олон бүтээлийн эзэн тэрбээр XX зууны хамгийн урт настай, бас ч үгүй төвөгтэй үзлийн нэг болох экзистенциализмын эцэг хэмээн хүндлэгддэг.

Энэхүү бүтээлд Сартрын ажил, амьдрал, марксист үзэл, 1968 оны оюутны хөдөлгөөн болон гуравдагч ертөнцийн орнуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжиж байсан тухай, феминист Симон дэ Бовуартай насан туршдаа тогтоосон харилцаа, жир бус хүүхэд нас нь францын нийгмийг үзэх үзэлд нь хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлдэг ажээ.

ГАЗАР ДОРООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

Достоевскийн “Газар дороос бичсэн тэмдэглэл” тууж нь бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр хэсгийн аль алийг нь өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана.

Зохиолын харьцангуй богино эхний бүлэг нь “Газар дор” нэртэй. Энэ бүлгийн “Би бие муутай хүн... Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээсэн эхний өгүүлбэр нь уншигч, судлаачид дунд тун зартай билээ.

Үүний дараагаар, туужийн үйл явдал уншигчийн таамаглан хүлээсэн байдлаар өрнөхгүй; харин нэгдүгээр биеийн хүүрнэгчийн өөрийн тухай, түүнтэй нэг үед амьдарч буй хүн зоны тухай, түүнчлэн 1860-аад оны Орос, Европын гэнэн итгэмтгий сэхээтнүүдийн тухай дотоод сэтгэлийн мэтгэлцээнээр үргэлжилнэ. Туужийн эхний хэсэг хүүрнэгчийн дотоод сэтгэлдээ өөртэйгөө мэтгэлцэж буй тухай арван нэгэн богино бүлгээс бүрддэг.

ЛОНХОНД БАЙСАН ШҮЛГҮҮД

“Тагтаа” хэвлэлийн газар дэлхийн уран зохиолын үнэ цэнтэй бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэхээс гадна өөрийн үндэсний утга зохиолоо залуу үеийн уншигчдад сурталчлан таниулах үүднээс монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдэг билээ. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын шилдэг бүтээлүүдийг “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” нэрийн дор эмхэтгэн хэвлүүлснийг уншигчид андахгүй.

Харин энэ удаад тэд яруу найрагч Б.Батзаяагийн “Лонхонд байсан шүлгүүд” түүврийг нэн шинэ үеийн яруу найргийн нэгэн содон өнгө, жиг сэтгэлгээ, тод хэл, яруу дуун болж чадна хэмээн итгэж уншигч олондоо хүргэж байна. Яруу найрагч Б.Батзаяа өмнө нь “Баяртай гуниг минь”, “Догдлолууд” нэртэй шүлгийн түүврүүдээ хэвлүүлсэн байна.



МИХАИЛ БАХТИН ХИЙГЭЭД АРТУР ШОПЕНГАУЭР

"Утга зохиолын судлал шинжлэл" цувралын ээлжит ботиуд уншигчидтайгаа уулзахад бэлэн болжээ. Европын роман судлалд шинэ онолыг бүтээж, уран сайхны зарчмыг шинэчлэсэнээрээ алдартай Оросын соёл, урлагийн онолч, хэл судлаач Михаил Бахтины "Эпос хийгээд роман" хэмээх манай утга зохиол судлалын салбарт ойрд хэвлэгдээгүй суурь судалгааны бүтээл 13 дахь ботид бууриа дугуйлжээ. Уран зохиолын ерөнхий онолын асуудлууд, жанрын онолын чиглэлээр хэд хэдэн ном хэвлүүлсэнээс хамгийн чухаг нь энэхүү бүтээл юм.

"Хүмүүний амьдрал утга учиргүй, оршин буй ертөнц “байж болох орчлонгийн туйлын тааруу хувилбар” гэж анхлан өгүүлж байсан Германы философич Артур Шопенгауэрын оюун санааны ертөнцөд үргэлжид хүчирхэгээр цуурайтсаар байдаг гүн ухааны дэвшилтэд бөгөөд уран хурц хэллэг бүхий үзэл санааг мэдэхгүй, мэдэрдэггүй хүн үгүй. Монгол хэлнээ гутрангуй гэгддэг үзлээс нь болоод ч тэр юм уу бараг орчуулагдаагүй байдаг. Тэгвэл түүний алдарт “Хүсэл зориг, төсөөллийн ертөнц” зохиолоос болон ёгт үлгэр, афоризм, параболууд орсон нэн сонирхолтой бичлэгийн хэлбэртэй "Маргаанд ялах урлаг" ном философич Будгалын орчуулгаар 14 дахь боть болон гарсан байна.
 
Б.Алтанхуяг

Монгол брэнд