top banner
Шуурхай мэдээ

Чихрийн шижин өвчний хүндрэлийг урьдчилан тооцоолох хиймэл оюун ухаант системийг зохион бүтээжээ


2017-09-21 13:58:23
Зураг
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Чихрийн шижинтэй өвчтнүүдэд хүндрэл үүсэх магадлалыг урьдчилан тооцоолох хиймэл оюун ухаант системийг /AI/ Японы судлаачид зохион бүтээжээ.

Японы “Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, тус улсын Фүжитагийн эрүүл мэндийн их сургууль болон “Дай-Ичи Лайф” даатгалын компанийн судлаачид 130 мянга орчим өвчтний талаарх мэдээлэл болон 25 сая гаруй эрдэм шинжилгээний ажлын материал бүхий хиймэл оюун ухаант өгөгдлийн санг бий болгожээ.

Чихрийн шижинтэй шинэ өвчтнүүдийн талаарх мэдээллийг тус санд оруулснаар тэдний бие мах бодид ирэх зургаан сарын хугацаанд ямар нэгэн хүндрэл үүсэх эсэхийг урьдчилан тооцоолох боломжтой аж.

Судалгааны явцад энэ систем нь өвчтнүүдэд хүндрэл үүсэх эсэхийг 71 хувийн нарийвчлалтайгаар зөв таамаглаж байсан гэнэ.

Хэрвээ чихрийн шижинтэй өвчтөнд “нейропатия” буюу мэдрэлийн тогтолцооны хөлсний судасны мэдрэл гэмтэх эмгэг илрэхээр байвал эмч нар тохирох эмийг нь бичиж өгөх, хоолны дэглэм бариулах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж.

Фүжитагийн эрүүл мэндийн их сургуулийн профессор Ацүши Сүзүки ярихдаа “Өнөөг хүртэл холбогдох мэдээллийг судалж, дүн шинжилгээ хийх замаар өвчний явцыг урьдчилан таамаглах боломжгүй байсан. Хүндрэлийн шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилан таамаглаж, зохих арга хэмжээг авснаар тухайн өвчтнийг уламжлалт аргаар эмчлэх, эмчилгээний зардлыг бууруулах боломжтой болж байна” гэжээ.
Г.Доржханд

Монгол брэнд