top banner
Шуурхай мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монголын асуудлаар тусгай илтгэл хүргүүлнэ гэв


2017-09-21 14:10:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад айлчилж буй НҮБ-ын Хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.  

Уулзалтад ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр болон Ажлын алба нар байлцаж, Монгол Улсын ХЭҮК-оос уул уурхай, байгаль орчны чиглэлээр сүүлийн 5-6 жилийн хугацаанд хийсэн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрбээр "Уул уурхайгаас үүдэлтэйгээр хүрээлэн буй орчны бохирдол, хөрс, ус, бэлчээр, байгалийн тэнцвэр алдагдаж, хомсдолд орж байгаа, иргэдийн шилжин суурьшилт, хөдөлмөрлөх эрхийн талаар олон асуудал, зөрчил байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс "Хүний эрхийн тусгай илтгэгчид улс оронд очихдоо хүний эрхийн үндэсний байгууллагуудтай уулзаж, мэдээлэл авч ажилладаг. Ихэвчлэн байгаль орчин, хүрээлэн буй орчны чиглэлээр яаж ажиллах вэ гэж асуудаг бол танай байгууллага ажилласан туршлагаасаа ярьж байгаа нь сайшаалтай юм. Танай 2012 онд зохион байгуулсан уул уурхайн олон улсын хурлаас гаргасан зөвлөмжүүдээс харахад биелэгдээгүй тал харагдаж байна. Миний бие танай улсад ажиллах хугацаандаа аль болох олон талт байгууллагуудтай уулзаж, их мэдээлэл цуглуулж байгаад 2018 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүрээлэн буй орчин, хүний эрхийн асуудлаар тусгай илтгэл хүргүүлнэ. Үүнд та бүхэн мэдээлэл өгөх үүднээс аль болох их баримт, мэдээлэл өгөхийг хүсье. Монгол Улсад байгаль орчин, хүрээлэн буй орчноос үүдэлтэй хүний эрхийн асуудалд ахиц гаргахын төлөө ажиллана” хэмээгээд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Н.Туяа

Монгол брэнд