top banner
Шуурхай мэдээ

Монголын амтат брэнд-Увсын чацаргана


2017-09-22 11:59:48
Зураг
Эртний Грекүүд нэгэн томоохон тулааны дараа бяцхан төгөлд морьдоо амраан тухалжээ. Дайн тулааны хөлд олон хоног аяншиж улдсан морьд тэр дорхноо тамир тэнхээ сэлбэж өнгө зүс орон дүүхэлзсэнд гайхширсан хаан мөнөөх төглийг судалж тэрхүү шидэт бутны үр жимсийг  Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэж нэрлэсэн нь МЭӨ 12-р зууны үед болсон явдал. Дэлхийн түүхнээ алдар суугаа дуурсгасан Их монголын эзэнт гүрний үе үеийн хаад ч мөн энэхүү жимсийг хүнсэндээ хэрэглэдэг байсан нь шастир түүхнээ тэмдэглэгдэн үлджээ. Найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай энэ гайхамшигт жимс бол чацаргана юм. Анагаах ач тусаараа “Хаан жимс” хэмээн өргөмжлөгдсөн чацаргана 1981 онд монгол хүнтэй хамт сансарт нисэж газар дэлхийн төдийгүй сансрын хүнс болон шагшигдсан түүхтэй.

Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургадаг чацаргана жимсийг Монголчууд 1950-аад оноос тарималжуулах оролдлогуудыг эхэлжээ. Өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 40 градусын эрс тэс уур амьсгалтай Монголын Их нууруудын хотгорт энэхүү жимсийг тариалсан нь чухам нүдээ олсон зөв сонголт болсныг хожмын үр дүн илтгэсэн юм. Мөнх цэвдгийн рашаан усаар тэтгэгдсэн шаварлаг, иодлог хөрс болон давст нууруудын сав газрын онцлог нөлөөгөөр Увсын чацарганы тос омега аминдэм, тэр дундаа Е витамины агууламжаараа бусад газрынхаас хавигүй илүү байдаг. Чацаргана нь дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сард цэцэглэж наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцдэг. Манай орны Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө даган ургадаг бутлаг ургамал юм. Ихэнх тослог ургамал зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд биологийн идэвхит бодис агуулдаг цөөн ургамлын нэг. Энэ ч утгаараа чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс байдаг.
“Монгол брэнд” төслийн энэ удаагийн дугаарт “Увс хүнс” компани  шилэгдсэн нь санаандгүй зүйл биш. Социализмын үед аймаг болгонд байсан Хүнсний үйлдвэрүүд нийгмийн шилжилтийн шуурганд ор мөргүй арилан замхарч, өмч хувьчлалын алдаатай бодлогын золиосонд гарал үүсэл нь тодорхойгүй, шошготой шошгогүй гадны идээ ундаа ард түмний ам руу визгүй нэвтрэх болсноор үндэсний аюулгүй байдал хэмээх асуудлын өмнө асуултын тэмдэг урган гарч ирсэн юм.  Харин Увс аймгийн хүнсний үйлдвэр 75 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын зэрэгцээ “Увсын чацаргана” гэх амтат брэндийг бий болгосон нь эдүгээ Монголын нэрийг дэлхийд тунхаглаж байна. Эх орны хөрсөнд ургасан арвай буудай, жимс жимсгэнэ, уулын голын цэвэр тунгалаг усаар хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Увс хүнс” компанийг мэдэхгүй монгол хүн үгүй болжээ.
Увс аймагт Монгол улсын байгалийн чацарганы 40 гаруй хувь нь ургаж байсан. Эрт дээр үеэс чацаргана жимсийг өдөр тутмын хэрэглээ болгож, дээр нь эмчилгээний журмаар хэрэглэж байсан баялаг уламжлалтай манай ард түмэн 1970-аад онд анх удаа Увс аймагт зэрлэг чацарганыг нутагшуулан тариалж “Улаангом”, ”Чандмань”, “Тэс” сортуудыг гаргаж авснаас хойш 50 гаруй жил өнгөрчээ. Социализмын үед чацарганы аж ахуй ид хөгжиж жилд 360 гаруй тн жимс хураан авч гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байсан билээ. Хэдийгээр Монгол улс зах зээлийн эдийн засагт орсон шилжилтийн эхэн үед чацарганы тариалалт, үйлдвэрлэлт эрс багасаж, уналтын хэмжээнд очсон ч 2010 онд Засгийн газраас “Чацаргана” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажилласнаар Увсын тариалалт эргээд сэргэсэн нь олзуурхууштай. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд жилдээ 600 га талбайд чацаргана тариалж 550 гаруй тонн жимс хурааж байгаагийн 100 га талбай нь “Увс хүнс” компаний плантаци юм. Тэднийх чацарганы шилдэг сортын төлөөлөл болох “Элизавета”, “Алтайский” сортыг тариалдаг.
Швейцарийн нэгэн лаборатори Увс аймагт ургуулсан хоёр төрлийн чацарганаас гаргаж авсан тосыг Монголын бусад газар оронд ургуулсан чацарганыхтай харьцуулан шинжлэхэд Увсын чацарганых эрүүл мэндэд онцгой ашиг тустай пальмитинийн хүчлийг 2.5 дахин ихээр агуулдаг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй хүний биед нэн хэрэгтэй гэж үздэг оливын тосны чанараас 40 хувиар илүү байжээ.

Увс нутгийн чацарганы энэхүү онцгой чанарыг үндэслэн Европын холбоонд газарзүйн заалтаар бүртгүүлэх хүсэлтээ Монгол Улс албан ёсоор тавиад байгаа билээ. Хэрэв Европын комисс газарзүйн заалтаар бүртгэн авбал Увсын чацарганаар хийсэн ямар ч бүтээгдэхүүн Европын холбооны 28 орны зах зээлд өндөр нэр хүндтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн тэмдэгтэйгээр худалдаанд гарах үүд хаалга нээгдэнэ гэсэн үг юм. Гадаад оронд Монгол Улс өөрийн бүтээгдэхүүнээ анх удаа газарзүйн заалтаар бүртгүүлсэн баярт мэдээ тун удахгүй сонстох биз ээ.  Ингэж гэмээнэ чацаргана тариалагчдын хөдөлмөр, зах зээлийг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс хамгаалж, чухам л “Хөлөө явж хөлсөө хүртэх” сайн цаг ирнэ.


Дэлхийн дайны сүүдэрт жилүүдэд үүдээ нээсэн Увсын хүсний үйлдвэр үүрэг хариуцлагаа үүрч туулсаар зах зээлийн нийгэмд хөл тавьсан түүхтэй. 1942 онд “Идэш тэжээлийн үйлдвэр” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хамт олон өөрчлөн байгуулалтын он жилүүдэд үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр эдийн засгийн боломжиндоо тулгуурлан мацсаар 1992 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болон зохион байгуулагдаж 1997 онд төрийн өмчид байсан 51 хувиа дуудлага худалдаагаар хувьчилжээ. 1998 онд бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн 25 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ үеэс “Увс Хүнс” ХК болон нэрээ өөрчилж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан орчин үеийн менежментийн арга хэлбэрийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж, цаашид өргөжин дэвжих бололцоо бүрдсэн байна.

2007 онд “UFC” групп болон өргөжиж Монгол улсын хэмжээд төдийгүй гадаад улс орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байсныг бид бүхэн мэдэх билээ. Харин 2013 оноос “UFC” группээс хувьцаагаа татан авч “УВС ХҮНС” ХК нэрээрээ үйл ажиллагаагаа явуулах болжээ. Одоо тэднийх чацарганы 100 хувийн органик шүүс, чацарганы тосыг бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Чацарганаас жимсний, үрийн хэмээх хоёр төрлийн тосыг гаргаж авдаг аж. Үрийн тос нь цайвар шаргал өнгөтэй, тунгалаг тос байдаг бол жимсний тос нь гүн улбар шар өнгөтэй, чацарганы үнэртэй байдаг. Чацарганы үрийн тосонд кальци, фосфорын шингээлтийг дэмждэг витамин E, цус алдалтын (Anti bleeding) эсрэг витамин K, бодисын солилцоог дэмжих фосфолипид, ходоодны шархлаанд тустай Β-ситостерол-β-D-глюкозид байдаг бол жимсний тосонд эдгээр нэгдлүүд байхгүй, харин  каротенойд болон пальмитолейний (Omega 7) хэмжээгээрээ баялаг. Энэ нь хөгшрөлтийн эсрэг, арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй тул гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэгддэг байна. Ер нь чацарганы тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг, каротин (А витамин) 4-6.3 хувь, текоферод (Е витамин) 170-330 мг агуулагдана. Чацарганы тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байгаа юм. Чацарганы төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг. Судлаачдын баталж буйгаар, найман ширхэг чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээх чадвартай гэнэ. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, уушгийг зөөллөж, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон давуу талтай. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.
/>        “Увс хүнс” компаний “Сурлагын дэвтэр”-ийн сүүлийн хуудсуудыг хальтхан сөхөхөд, 2003 онд “Найдвартай татвар төлөгч байгууллага”, 2005 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол, 2006 онд шилдэг 10-н аж ахуй нэгжийн нэг, 2007 онд “Шилдэг үйлдвэрлэгч” өргөмжлөл, “Гурван А” зэрэглэлт “Алтан гэрэгэ” эзэмшигч, 2008 онд “Шилдэг ажил олгогч”, 2009 онд “Шилдгийн шилдэг татвар төлөгч байгууллага”, 2007-2010 онд Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулсан ТОП 100 аж ахуйн нэгжид багтан шалгарч мөн хугацаанд зохион байгуулагдсан бүсийн болон улсын томоохон үзэсгэлэн худалдаануудад бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцож “Гран при”, “Үлэмжийн чанар” алт, мөнгөн медаль хүртсэн гээд уртын урт жагсаалт үргэлжилнэ...

Энэ бүх алдар хүнд компаний өмч биш, дарга нарынх нь гоёл биш, халуун зүтгэлт ажилчдынх нь гар сэтгэлээр бүтэж бүрэлдсэн гэдгийг “Увс хүнс” компаний ТУЗ-ын дарга Л.Мөнхнаран, Гүйцэтгэх захирал Э.Баатарсан нар ахин дахин онцолно билээ. Үйлдвэрт ч, чацарганы талбай дээр ч, бүтээгдэхүүний агуулахад ч, хөдөө хээр ч нэг л сэдэв биднийг ямагт сэрээж байсан нь “Жинхэнэ байгалийн оргиналь, натурал бүтээгдэхүүн” гэх үг өгүүлбэрүүд байлаа. Хоёр захирал энэ үгээ хэлэхдээ гэрэлтээд л ирдэг. Энэ итгэл ирээдүйд Монголыг дэлхийд тунхаглах эрүүл, бардам амлалт лугаа санагдаж билээ. Манай үндэсний үйлдвэрлэл рекламаар биш чанараараа танигдах тэр цагт энэ бүхэн надад огт шинэ зүйл шиг санагдахгүй байх. Холгүй тэр ирээдүйн өмнө бүтээгчидтэй нь хамтдаа зогсож байх тун таатай байсныг дашрамд тэмдэглэсүү...
Б.Занданхүү

Монгол брэнд