top banner
Шуурхай мэдээ

Хятад улс Умард Солонгос руу экспортлох нефтийн хэмжээгээ хязгаарлана


2017-09-23 12:30:44
Зураг
БЭЭЖИН. /Шиньхуа/Ройтерс/. Улс төрийн хувьд олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдаад буй Умард Солонгост нийлүүлэх боловсруулсан нефтийн хэмжээг хязгаарлах, мөн тус улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргаснаа Хятад улсын Худалдааны яам өнөөдөр мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

Хятад улс бол Умард Солонгосын хувьд худалдааны хамгийн чухал түнш бөгөөд хатуу валют олж авдаг цөөхөн хэдэн эх үүсвэрийнх нь нэг юм.

Хятад улсын Худалдааны яамнаас гаргасан мэдэгдэлд “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2375 дугаар тоот тогтоол болон БНХАУ-ын Худалдааны тухай хуулийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн Умард Солонгост нийлүүлэх боловсруулсан нефтийн хэмжээнд хязгаар тавина” гэжээ.

Энэ сарын 3-нд зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийсэнтэй нь холбогдуулан Умард Солонгост жилд 2 сая баррелиас давсан хэмжээний боловсруулсан нефть нийлүүлэхийг хориглосон тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталсан билээ. Энэ нь тус улсад одоо нийлүүлж буй нефтийн тал хувь гэсэн үг юм.
БНХАУ уг тогоолыг дагаж мөрдөн Умард Солонгост нийлүүлэх боловсруулсан нефтийн хэмжээг танахаар болсон байна.

Умард Солонгосоос оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн импортлохыг Хятад улс хориглосон нь Пхеньянд жилд 700 гаруй сая долларын хохирол учруулна гэж шинжээчид тооцоолж байна.

Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн нь Умард Солонгосын хувьд нүүрсний дараа орох эспортын хоёр дахь гол бүтээгдэхүүн нь ажээ.

Сүүлийн хоёр сарын хугацаанд Умард Солонгост бензиний үнэ 20 хувиар нэмэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна.

Умард Солонгосын нэгэн ШТС-ын ажилтан ярихдаа “Бензиний үнэ өчигдөр 1.90 доллар байсан бол өнөөдөр 2 доллар болж нэмэгдээд байна. Бензиний үнэ дахиад ч нэмэгдэж магадгүй” гэж ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар нэг нэгнээ “галзуу”, “зөнөсөн өвгөн” гэж хочилж, хоёр талын харилцаа улам хурцдаад буй энэ үед буюу өнөө орой Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх гэж байна.

“Шаардлага гарвал улс орноо болон холбоотнуудаа хамгаалахын тулд АНУ Умард Солонгосыг бүрэн устгах болно” гэж хэлснийх нь дараа Д.Трампыг Ким Жөн Ун “сэтгэцийн өөрчлөлттэй зөнөг өвгөн” гэсэн юм. Үүний хариуд Д.Трамп Кимийг “галзуу солиотой эр” гэсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ хоёр яг л цэцэрлэгийн хүүхдүүд шиг аашилж байна. Хэн ч тэднийг зогсоож чадахгүй нь” гэжээ.
  Г.Доржханд

Монгол брэнд