top banner
Шуурхай мэдээ

Зохиолчид бийлэгжиж, иргэд баярласан номын баяр болов


2017-09-23 14:04:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна.
 
Номын баярт "Шилдэг ном", “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг хэвлэлийн газрын асраас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид оролцож, ном хэвлэлээ 5-90 хүртэл хувь хямдруулсанд иргэд сайшаалтай байв.
 
Хөвсгөл аймгийн харьяат М.Өлзийсүрэн гуай гэхэд хүүхдийн зохиол хямдарна гэдгийг телевизээр үзээд ач нартаа номын бэлэг өгөхөөр зорьж иржээ. Тэрбээр бидний үеийнхэн ном  их уншдаг байлаа. Харин сүүлийн үед хүүхэд залуус компьютер, гар утас хэрэглэдэг болсноор ном унших нь цөөрсөн шиг санагддаг. Харин номын яармаг худалдаа тогтмол зохион байгуулдаг болсон нь талархууштай. Хүүхдийн зохиол, үлгэрийн номондоо хэвлэлийн компаниуд бодит хямдрал үзүүлсэнд  баяртай байна гэсэн бол Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Т.Уранбямбагийн хувьд сүүлийн үед борлуулалтаараа тэргүүлж байгаа номноос хямдралтай үнээр худалдан авч, зохиолчоор нь гарын үсэг зуруулсан нь үнэхээр олзуурхууштай үйл явдал боллоо гэсэн юм.

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны иргэн Х.Сүхчулуун нийт асраар явж үзэхэд “Интер ном” дэлгүүрийн асар бүх англи номоо хямдруулж 3000 төгрөгөөр зарж байгаатай таарч хэд хэдэн ном худалдан авсан, хоёр хүүхэд нь англи хэлээр сурч байгаа тул их хэрэгцээтэй худалдан авалт боллоо хэмээн сэтгэгдлээсээ хуваалцав.



Харин зохиолч, яруу найрагчдын хувьд жил бүр төв талбайдаа ирж, уншигчидтайгаа нүүр тулан уулзаж танилцахын зэрэгцээ уран бүтээлээ сурталчлах сайхан боломж олддогт талархалтай хандаж байлаа. Тэдний зарим нь “Номоо хямдруулсан ч бидний бүтээл хямдарч байгаа гэсэн үг биш юм шүү. Зарим тохиолдолд борлогдохгүй номоо шахаж байгаа мэт ойлгогдож байгаа бол энэ нь төөрөгдөл юм. Уншигчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангахын тулд бид номоо жил бүр хямдруулж, ихийг уншиж мэдэх гэсэн уншигчдынхаа эрмэлзэлд нийцүүлж  номын баярт тогтмол оролцдог” хэмээв.





Орчуулагч Ж.Нэргүй хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд номын баярт тогтмол оролцож ирсэн. Хүмүүс номын баяраар олон ном, зохиолыг нэг дороос хөнгөлөлттэй үнээр худалдан авах хүлээлт бий болсон нь илт мэдэгдэж байна. Миний хувьд өөрийн болон орчуулгын 20 гаруй номтой ирсэн. Эхний өдөр 20 хувь, хоёр дахь өдөр 40 хувь хямдруулж борлууллаа. Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” шилдэг нийтлэлийн ном борлуулалт сайтай байна” гэлээ.

“Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Эхний өдөр номын баярт ирсэн уншигчид сэтгэл хангалуун буцаж байгаа нь илт байсан. Зохиолч, уран бүтээлчид маань ч гэсэн дараагийн номоо хэвлүүлэх мөнгөө эндээс олж байгаадаа мөн сэтгэл хангалуун байх нь ажиглагдсан шүү.Энэ жилийн номын баярт шинэ бүтээл цөөнгүй ирснээс “Тагтаа” хэвлэлийн газрын хэвлэсэн ном зохиолууд борлуулалт сайтай байгаа бол орчуулагч Д.Дашмөнхийн номыг залуус илүү сонирхож авч байлаа. Зохиолчид маань олон уншигчтай уулзаж, тэднээсээ урам дэм авч дараагийн зохиол бүтээлийнхээ санаа оноог олж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэв.



 
Номын өдөрлөгийн үеэр "Тагтаа Publishing"-ийн асар номнуудаа 20-30 хувиар хямдруулан борлуулахаас гадна зохиолчдын зурагтай ил захидал, номын хавчуурга, даавуун уут зэрэг номын хорхойтнуудын сонирхлыг татах бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Түүнчлэн Канадын зохиолч Янн Мартелын "Пигийн амьдрал" роман анх удаа  худалдаанд хямдралтай үнээр гарч буй юм. Номын хорхойтнуудын сайн мэдэх хуучин номын асарт 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олон байлаа.

Энэ үеэр “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” хүүхдүүдийг эцэг эхийнх нь хамт Улаанбаатар хотын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын санд үнэ төлбөргүйгээр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулав.
 
Номын баяр урлагийн тоглолтоор өндөрлөсөн юм.
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд