top banner
Шуурхай мэдээ

Америкийн алдарт хөлбөмбөгчин, жүжигчин О.Жей Симпсон өршөөлөөр суллагджээ


2017-10-02 10:48:17
Зураг
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/.  Америкийн алдарт хөлбөмбөгчин бөгөөд жүжигчин О.Жей Симпсон Невада муж улсын шоронд есөн жил хоригдсоны эцэст өршөөлөөр суллагдлаа. Энэ тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээлсэн байна.

Тэрбээр 2007 онд Лас-Вегас хотын нэгэн зочид буудалд галт зэвсгээр айлган сүрдүүлж дээрэм хийсэн, хүн хулгайлсан болон бусад хэргээр 33 жилийн хорих ял сонсож байсан юм.

Түүнийг 10 дугаар сарын 1-нд өршөөлөөр суллах шийдвэрийг энэ оны долдугаар сард гаргасан аж.

1995 онд тэрбээр хуучин эхнэр Николь Браун Симпсон болон түүний найз Рона Голдманыг хөнөөсөн гэж буруутгагдаж байсан ч хожим нь цагаатгагдаж байжээ.

О.Жей Симпсон шоронгоос гарахаар холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж буйг харуулсан зураг болон дүрс бичлэгийг Невада муж улсын Засан хүмүүжүүлэх газар “Фэйсбүүк” хуудсандаа тавьсан байна.



Өдгөө 70 настай түүнийг орон нутгийн цагаар ням гарагт шилжих шөнийн 00:08 цагт шоронгоос суллажээ.

О.Жей Симпсон Флорида муж улсад очиж амьдрахаар төлөвлөж байгаагаа шоронгоос суллагдсаныхаа дараа мэдэгдсэн байна.

Тэрбээр америк хөл бөмбөгийн “Баффало Биллс”  баг болон шигшээ багт тоглож байхдаа олон дээд амжилт эвдэж байсан домогт тоглогч юм.

1979 онд тэрбээр зодог тайлсныхаа дараа телевизийн шоу нэвтрүүлэг болон олон кинонд, тэдгээрийн дотор “Нүцгэн буу” кинонд тоглосон билээ.
Г.Доржханд

Монгол брэнд