top banner
Шуурхай мэдээ

Америкийн эрдэмтэд эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ


2017-10-03 12:02:01
Зураг
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Энэ оны эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын 3 эрдэмтэн хүний бие судлалын салбарын нээлтээрээ буюу “хоногийн хэмнэлийг хянах молекулын механизм”-ыг судалж хийсэн нээлтээрээ хүртлээ гэж "Америкийн дуу хоолой" мэдээллийн агентлаг уламжлав.

Жеффри Холл, Майкл Росбаш, Майкл Янг нар хүний биеийн биологийн цагийг нарийвчлан судалж, түүний дотоод үйл ажиллагааг тайлбарласан байна гэж Нобелийн хорооноос мэдээлжээ. Тэд энэхүү нээлтээрээ ургамал амьтан болон хүмүүс дэлхийн эргэх хөдөлгөөнд зохицохын тулд өөрсдийн биологийн хэмнэлд хэрхэн дасан зохицдог болохыг тайлбарласан байна. Судлаачид хүний өдөр тутмын биологийн хэмнэлийг хянаж байдаг генийг салгаж авч, уг ген нь хүний биеийн эсэд шөнө хуримтлагдаж, харин өдрийн туршид багасдаг протеиныг үүсгэдэг болохыг харуулсан байна. Үүний дараа тэд нэмэлт протеиныг бүрдүүлж байгаа хэсгүүдийг тодорхойлж, эсийн доторх өөрийн биологийн цагийн үйл ажиллагааг удирдах механизмыг тайлбарлажээ. 

Хүний биеийн дотоод цаг нь бидний үйл хөдлөл, гормоны түвшин, унтах, биеийн халуун, бодисын солилцооны үйл ажиллагааг зохицуулж байдаг юм. Бидний амьдралын хэв маяг болон биеийн дотоод биологийн цагийн дагуух хэмнэл хоёр хоорондоо таарахгүй байна гэдэг нь олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг ихэсгэдэг болохыг дээрх нээлт харуулжээ.
Х.Сарнай 


 

Монгол брэнд