top banner
Шуурхай мэдээ

Лас-Вегасын алуурчныг “террорист” гэж нэрлэхгүй байгаагийн учир юу вэ?


2017-10-04 11:37:15
Зураг
ЛОНДОН./BBC/. Лас-Вегас хотод 59 хүний аминд хүрсэн аймшигт явдлын дараа аллагыг үйлдсэн Стивен Пэддок гэгч этгээдийг яагаад “террорист” гэж нэрлэхгүй байна вэ гэдэг талаар интернэтээр ширүүн мэтгэлцээн өрнөж байна.

Мэдээллийн агентлагууд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 64 настай алуурчныг “ганцаардсан чоно”, “өвөө”, “мөрийтэй тоглогч”, “ня-бо байсан хүн” гэх зэргээр янз бүрээр нэрлэж байгаа боловч “террорист” гэдэг үгийг огт ашиглахгүй байгаа нь хачирхалтай.

Пэддок чухам ямар сэдлээр энэ аллагыг үйлдсэн нь одоохондоо тодорхойгүй байгаа. Террорист бүлэглэлүүдтэй тэрбээр холбоотой болохыг нотлох ямар нэгэн нотолгоо алга, түүний сацуу сэтгэцийн өвчтэй гэдгийг нь нотлох баримт ч байхгүй байгаа юм.

Харин нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн үзэж байгаагаар, хэрвээ Паддок мусульман шашинтан байсан бол баримт нотолгоо байхгүй байсан ч гэсэн түүнийг шууд л террорист гэж нэрлэх байсан аж.  

“Террорист” гэдэг нэр томьёог хэрэглэхгүй байгаагийн учрыг олох гэж нэр алдартай хүмүүс, телевизийн одод, эрдэмтэд хоорондоо мэтгэлцсээр байна.  

Невада муж улсын хуулиар террорист ажиллагаа гэж чухам юу болохыг дорх байдлаар тодорхойлжээ. “Энгийн номхон иргэдийг үхэлд хүргэх эсвэл тэдний бие махбодид хүнд гэмтэл учруулахын тулд хүч хэрэглэхтэй холбоотой аливаа үйл ажиллагааг терроризм гэнэ”.

Харин холбооны улсын түвшинд “дотоод терроризм” гэдгийг дорх гурван шинж бүхий үйлдлээр тодорхойлдог байна. Үүнд, улс орны болон муж улсын хуулиудыг зөрчин хүний амь насанд аюул учруулсан, төрийн байгууллагын төлөөлөгчид болон иргэдийг айлган сүрдүүлж, ямар нэгэн зүйлд албадах зорилготой, АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт үйлдлийг “дотоодын терроризм” гэж үздэг аж.

Харин Холбооны мөрдөх товчооны тодорхойлсноор “улс төр, нийгмийн шинжтэй зорилгодоо хүрэхийн тулд засгийн газар, ард иргэдийг айлган сүрдүүлэх зорилготой гэмт үйлдлийг террорист халдлага хэмээн үздэг" байна.
  
Нийгмийн сүлжээний хэрэглэгчид Невада муж улсын хуулийн заалтыг сүлжээнд байрлуулж, ийм тодорхой заалт байсаар атал Лас-Вегасын цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардо хэвлэлийн хурлын үеэр Пэддокийн талаар ярихдаа түүнийг “ганцаардсан чоно” гэж нэрлэсний учрыг гайхшран асууцгааж байна.
 
Эмгэнэлт явдал болсноос хойш “ганцаардсан чоно” (lone wolf) гэдэг үгийг твиттер сүлжээнд 200 мянган гаруй удаа ашигласан бол “террорист халдлага” /terrorist attack/ гэдэг үг 170 мянган удаа бичигдсэн байх жишээтэй.
 
“Фейсбүүк” сүлжээнд ч мөн адил ширүүн мэтгэлцээн өрнөж байна. Тухайлбал, Индонезийн иргэн Марсал бичихдээ “түүнийг олон улсын террорист гэж нэрлэхгүй байна. Араб царайтай биш болохоор нь уу?” гэжээ.

Махмуд Эль-Авади гэдэг хүн фейсбүүк сүлжээнд бичсэнийг үзвэл “хүмүүсийг бөөнөөр нь хөнөөсөн аймшигт хэрэг бүрийн дараа эхнэрийн минь амь нас аюулд өртдөг. Учир нь, тэрбээр толгойгоо алчуураар ороодог, миний хүү Мохаммед гэдэг нэртэй учраас түүн рүү халддаг, миний 4 настай охин арабаар ярьдаг учраас түүнд шударга бусаар хандаж байна. Хэрвээ террорист этгээд нь цагаан арьстан, христийн шашинтан байсан бол түүнийг сэтгэцийн өвчтэй гээд л орхидог” гэсэн байна.
 
Орчуулсан Б.Адъяахүү   


Монгол брэнд