top banner

2017 оны химийн салбарын Нобелийн шагналын эзнээр гурван эрдэмтэн тодров


2017-10-04 23:24:26
Зураг
СТОКГОЛЬМ. /Шиньхуа/. 2017 оны химийн салбарын Нобелийн шагналыг крио-электрон микроскоп зохион бүтээсэн гурван биофизикчид олгохоор болсноо Шведийн ШУА мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

Химийн салбарын Нобелийн шагналын эздийн нэрсийг тус академи өнөөдөр зарласан байна.

Тодруулбал, энэ шагналын эзнээр Швейцарийн Лозаннын их сургуулийн эрдэмтэн Жак Дубоше, АНУ-ын Колумбын их сургуулийн эрдэмтэн Иоахим Франк, Их Британийн Молекул биологийн лабораторийн судлаач Ричард Хендерсон нар тодорчээ. Ингэснээр тэд Нобелийн шагналыг дагалдах 9 сая швед кроныг хувааж авахаар болж байна.

Тэдний хамтран зохион бүтээсэн микроскоп нь биомолекулыг хөдөлгөөн дунд нь хөлдөөж, урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй молекулын үйл хөдөлгөөнийг харах боломжийг судлаачдад олголоо гэж Шведийн ШУА онцлон тэмдэглэхийн сацуу “Энэ аргачлал нь биохимийн салбарын шинэ эрэн үеийг эхлүүллээ” гэжээ.

Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр физик, хими, биологи-анагаах ухаан, утга зохиол, энх тайван ба эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 116 жилийн өмнөөс эхлэн жил тутам олгодог болсон байна.

2016 оны байдлаар, 911 хүн Нобелийн шагнал хүртээд байгаа юм.

Нобелийн шагналыг гардуулах ёслол А.Нобелийн нас барсан өдөр буюу 12 дугаар сарын 10-нд болдог.

Энх тайвны салбарын Нобелийн шагналыг гардуулах ёслол Норвегийн нийслэл Осло хотод болдог бол бусад салбарын Нобелийн шагналыг гардуулах ёслол Шведийн нийслэл Стокгольм хотод болдог билээ.
Г.Доржханд

Монгол брэнд