top banner
Шуурхай мэдээ

Никкэй: У.Хүрэлсүх Пхеньяны талаарх Монголын байр суурийг өөрчлөх эсэх нь анхаарал татаж байна


2017-10-05 12:01:35
Зураг
ТОКИО. /Никкэй/. “Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ лхагва гарагт шинэ ерөнхий сайдаа томиллоо. Шинэ Ерөнхий сайд нь Умард Солонгос, хөрш Орос болон Хятад улстай харилцахад ямар бодлого баримтлах нь холбогдох улс орнуудын ажиглагчдын анхаарлыг татаж байна” гэж Японы “Никкэй” сонины цахим хувилбарт бичжээ.

Эрх баригч МАН-ын гишүүн У.Хүрэлсүх нь Шадар сайдын албан тушаалаас Ерөнхий сайдын албан тушаалд шилжлээ. Тэрбээр өнгөрсөн сард парламентын гишүүдийн олонхийн саналаар огцруулсан Ж.Эрдэнэбатын халааг авч байгаа юм.

Монгол нь Умард Солонгостой найрсаг харилцаатай бөгөөд энэ коммунист улсын иргэдийг улс орондоо ажиллуулдаг билээ. Цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөөс нь Умард Солонгосыг татгалзуулахын тулд олон улс хүчин чармайлт гаргасаар байгаа энэ үед Монголын шинээр томилогдсон Ерөнхий сайд уг асуудлыг шийдвэрлэхэд өөрийн улсын давуу талаа ашиглах эсэх, Умард Солонгосын талаарх байр сууриа өөрчлөх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээний тогтоолуудыг тууштай дагаж мөрдөж, хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа Японы Ерөнхий Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар  өнгөрсөн сард Орост уулзан яриа хэлэлцээ хийх үеэрээ илэрхийлсэн юм. Мөн Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан япончуудын асуудлыг шийдвэрлэх асуудлаар хамтран ажиллахаар тэд тохиролцсон билээ.

Монголд Ерөнхийлөгч нь албан ёсны төрийн тэргүүн бөгөөд аливаа хууль тогтоомжид хориг тавих эрхтэй байдаг бол Ерөнхий сайд нь Засгийн газрын тэргүүний хувиар улсын бодлогыг чиглүүлэн тодорхойлдог юм. Монголын энэ хоёр удирдагч хэрхэн хамтран ажиллах нь ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Өдгөө 49 настай У.Хүрэлсүх нь ерөнхийдөө цэргийн хүн бөгөөд Умард Солонгостой харилцаж байсан нэгэн билээ. Тэрбээр 2000 онд анх парламентын гишүүн болж байв. Тэрбээр шадар сайдаар ажиллаж байхдаа Ж.Эрдэнэбатыг огцруулах эхлэлийг тавьсан хүн юм. Ж.Эрдэнэбатыг огцруулахад хүргэсэн өрийн хямралыг шийдвэрлэх сорилт түүний өмнө тулгарч байна.

Ж.Эрдэнэбат нь эдийн засгийн хатуу бодлогууд баримтлана гэсэн болзолтойгоор энэ оны эхээр Монгол Улсыг ОУВС-гийн 5.5 тэрбум долларын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамруулсан билээ.

Энэ оны долдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч Х.Баттулга ялсан нь Ж.Эрдэнэбатыг огцруулахад хүргэсэн асуудлуудын нэг. 

Монголын Засгийн газрын өрийн тодорхой хэсгийг 2018 оны эхээр төлж дуусах юм. Гэсэн хэдий ч бондыг дахин санхүүжүүлж, эдийн засгаа сэргээхийн тулд У.Хүрэлсүх улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлагатай болж байна гэж Японы “Никкэй” сонинд бичжээ.

https://asia.nikkei.com/Politics-Economy/Policy-Politics/Mongolia-ushers-in-new-prime-minister
Г.Доржханд



Монгол брэнд