top banner
Шуурхай мэдээ

Өмнөд Америкийн 3 орон 2030 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байна


2017-10-05 13:58:20
Зураг
БУЭНОС-АЙРЕС. /Би-Би-Си/. Аргентин, Уругвай болон Парагвай улс 2030 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх улсуудыг бүртгэх ажил эхлэх болоогүй байгаа хэдий ч тус гурван улсын төрийн тэргүүн нар өчигдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо хэвлэлийн бага хурал хийж ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлтэй  буйгаа мэдэгдсэн байна.

Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлсний 100 жилийн ой 2030 онд тохиох юм. Хамгийн анхны ДАШТ-ийг Уругвайд зохион байгуулж байжээ.

2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх бэлтгэлийг хангах асуудлаарх анхны уулзалтыг ирэх сарын эхний долоо хоногт манай гурван улсын холбогдох албаны хүмүүс хийхээр төлөвлөж байна. Энэ ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй олон улс орон байгаа байх. Гэхдээ бид зохион байгуулах эрхийг авч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Учир нь Уругвай анхны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байсан. ДАШТ-ийг зохион байгуулж эхэлсний 100 жилийн ой 2030 онд тохионо” гэж Парагвайн Ерөнхийлөгч Хоракио Касеес хэлсэн байна.



Мөн 2026 оны ДАШТ-ийг АНУ, Мексик болон Канад хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн энэ оны эхээр хийсэн шинэчлэлийн дагуу 2026 оноос эхлэн ДАШТ-д 48 баг  /одоогоор 32 баг/ оролцдог болох юм.

2018 оны ДАШТ Орос, 2022 оных нь Катарт болох билээ.
 
Г.Доржханд

Монгол брэнд