top banner
Шуурхай мэдээ

Харьцуулалт: Монголын багш нарын орлого Вьетнамын багш нарынхаас 1,7-2,6 дахин доогуур байна


2017-10-05 14:42:24
Зураг
Манай улсын ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаяснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хичээлийн шинэ жил эхлэхтэй давхцуулан ажлаа хаясан тэд хөдөлмөрийнх нь үнэлэмжийг бодитой тогтоож, цалинг 3 дахин нэмэгдүүл гэсэн шаардлагыг үүрэг гүйцэтгэгч засгийн газарт тавьж байгаа юм.

Нийгмийн гишүүдийг өв тэгш боловсролтой болгох үүргийг хүлээж буй багш нарт дэлхийн аль ч оронд хүндэтгэн хандаж, тэдний цалинг боломжийн түвшинд өндөр байлгахыг эрмэлздэг.  Учир нь өсвөр үеийнхий боловсрол бол улс үндэстний ирээдүйтэй шууд холбоотой асуудал билээ.

Бодит амьдрал дээр харахад, багшийн хөдөлмөр нь нийгэмд нэр хүндтэй хэрнээ нэлээд хүнд хүчир хөдөлмөр юм. Багш хүн тухайн шинжлэх ухааны мэдлэгтэй байхаас гадна түүнийгээ хүүхдүүдэд зааж сургах чадвартай байх ёстой. Үүний тулд бие бялдрын болон сэтгэл санааны хатуужил тэсвэртэй байх шаардлагатай.

Ийм хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүст гадаад орнуудын болон Монголын төр засаг хэдий хэмжээний цалин хөлс өгдөг юм бол?

2014 онд баталсан цалингийн нэгдсэн сүлжээний ТҮ-14 зэрэглэлээр таван жил ажилласан Монголын багш  539 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. “Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ны тавьж буй шаардлагаар бол цалингийн хэмжээг 1,6 сая төгрөгт хүргэснээр багшийн хөдөлмөр бодитойгоор үнэлэгдэх хэмжээнд очих гэнэ.   

2017 оны байдлаар, улсын хэмжээнд сарын дундаж цалин 942 мянган төгрөг байхад таван жил ажилласан багш хүн 540 мянган төгрөгийн цалин авч байгааг шударга гэж хэлэхэд үнэхээр хэцүү.

Гэхдээ аливаа зүйлийг дүгнэхийн тулд харьцуулалт хийх хэрэгтэй байдаг учраас гадаад орнуудын болон Монголын багш нарын цалингийн хэмжээг хооронд нь харьцуулахын тулд багагүй цаг зарцуулан цахим хуудсуудаар “тэнүүчиллээ”. Ингээд Европын Холбооны гишүүн орнууд, АНУ, Япон, Австрали, Өмнөд Солонгос, ОХУ  зэрэг орнуудын багш нарын цалин хөлсний талаарх бага зэрэг хуучирсан боловч баримжаа олгож болохоор мэдээллүүдийг олж авснаа толилуулъя.   

Эдгээр улс орнуудад 15-аас дээш жил ажилласан багш нарын сарын цалингийн хэмжээ ямар байдгийг дор харууллаа. 
       Люксембург —€ 5653
       Герман —         €3550
       Ирланд —        €3226
       Австрали —     €3200
       Нидерланд —  €3165
       АНУ     —         €2600
       Дани —            €3046
       Бельги —         €2688
       Их Британи — €2680
       Австри —         €2520
       Испани —        €2502
       Португали —   €2386
       Финланд  —    €2293
       Норвеги —      €2275
       Швед —           €2081
       Франц —          €2007
       Итали —          €1995
       Словени —      €1948
       Грек —             €1705
       Исланд —        €1634
       Израиль —      €1480
       Чех —              €1222
       Польш —         €999
       Турк —             €800
       Унгар —           €794
       Словак —        €778
       Эстони —        €745
       Орос  —           €545
       Украин —         €260

Эл дарааллаас харвал Люксембургийн дунд сургуулийн багш нар дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг ба тэдний жилийн дундаж цалин нь 67 841 евро /сард 5653 евро/ болж байна. Дашрамд дурдахад, энэ улсын багш нарын цалингийн доод хэмжээ нь жилд 50 184 евро бол дээд хэмжээ нь 88 524 еврод хүрдэг ажээ.

АНУ болон Австралийн багш нарын цалин /жилд 44 мянган евро/ хэдийгээр Европын өндөр хөгжилтэй орнуудынхтай харьцуулахад бага боловч Дорнод Европын Польш, Чех, Унгар, Эстони /740-1250 евро/ зэрэг орнуудын багш нарын цалинтай харьцуулахад 4-5 дахин өндөр байна.    

Цалин орлогын хэмжээгээрээ Баруун Европын өндөр хөгжилтэй орнууд болон Зүүн Европын орнуудын багш нарын "яг голд" нь жилд 17 760 еврогийн цалин авдаг Израилийн багш нар байна.   

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ Олон улсын валютын сантай хамтран
2013 онд гаргасан харьцуулсан судалгааг нэлээд бодитой байж магадгүй гэж үзээд жишээ болголоо. Энэ судалгаанаас баруун Европын өндөр хөгжилтэй орнууд болон Зүүн Европын орнууд, Азиас Япон, Өмнөд Солонгосын багш нарын цалин болон тэдний ажлын ачаалал нь хоорондоо ямар хамааралтай болохыг харж болно. Энэ хүснэгт хэдийгээр дөрвөн жилийн өмнөх нэлээд хуучирсан мэдээлэл боловч “ерөнхий хана” нь байгаа юм. 





Хүснэгтийн босоо шугам нь худалдан авах чадварын харьцааг харгалзан тооцсон жилийн цалингийн хэмжээ бол хэвтээ шугамд багш нарын долоо хоногт ажиллах цагийн тоог харуулжээ.

Харьцуулалт хийе. Япон болон Өмнөд Солонгосын 15 настай сурагчид хүмүүнлэгийн болон байгалийн ухаан, математикийн хичээлээр үзүүлж сурлагын амжилт нь үндсэндээ ижил түвшинд байдаг. Тэдний багш нар ч мөн ижил цалин авдаг. Ялгаа нь юунд байна вэ гэхээр, япон багш нар долоо хоногт 54 цагийн турш сунаж унатлаа ажилладаг бол солонгос багш нар тааваараа буюу долоо хоногт 37 цаг ажилладаг болохыг хүснэгтээс харж болно.

Хүснэгтэд үзүүлснээр хамгийн бага цалин авч буй Эстонийн багш нарын бэлтгэсэн шавь нар Нидерландын сурагчдаас сурлагын хувьд илүү байдаг. Гэтэл энэ хоёр улсын багш нарын ажлын ачаалал ижил байх боловч голланд багш нар бараг хамгийн өндөр буюу эстони багш нараас даруй 5 дахин их цалин авч байх жишээтэй. Энэ хоёр жишээнээс дүгнэлт хийвээс, багш нарын ажлын ачаалал болон авч буй цалингийн хэмжээ нь сурагчдын мэдлэг чадвар, сурлагын амжилтад шууд нөлөөлдөггүй нь харагдана.

Дээрх тоонуудыг харсан даруйдаа тухайн аль нэг орны багш нар ядуу эсвэл баян чинээлэг амьдардаг гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай. Учир нь тухайн орны багш нарын ахуй амьдрал хэр вэ гэдэг  нь улс орны хөгжлийн түвшин, амьжиргааны өртөг, эдийн засгийн чадавх, татварын хэмжээ, цалингийн доод хэмжээ, хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний үнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
Харин эдгээр хүчин зүйлийг нэг дор харгалзан тооцох байдлаар амьжиргааны түвшинг тодорхойлох дөхөм арга бий. Тэр нь “Биг Макийн индекс” юм.

Биг Макийн индекс гэдэг нь улс орнуудын иргэдийн худалдан авах чадварын харьцааг тодорхойлохын тулд ашигладаг албан ёсны бус харьцуулалтын арга юм. Уг индекс нь худалдан авах чадварын харьцуулалтын тухай онолд үндэслэгдсэн бөгөөд McDonald’s компанийн бүтээгдэхүүн болох бутербродын үнээр тухай улсын валютын бодит ханшийг тодорхойлох гэсэн оролдлого юм. Энгийн үгээр хэлбэл, амьжиргааны түвшин ойролцоо улс орнуудын валютын ханш хоорондоо хэр зөрүүтэй байна вэ гэдгийг тодорхойлох арга болой.   

Биг Мак гэдэг хавчуургатай талхны орцонд талх, бяслаг, ногоо, мах зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд ордог учраас түүний үнэ нь тухайн оронд хүнс хоол ямар үнэ ханштай болохыг харуулж байдаг. Үүнээс үүдэн орон орны багш нар сарын цалингаараа хэдэн ширхэг сэндвич худалдан авч чадах вэ гэдгээр нь тэдний амьжиргааны түвшинг тоймлон тодорхойлж болох юм. 

Жишээ татья. Оросын нийслэл Москва хотод ажилладаг багш сард 60 орчим мянган рублийн цалинтай бөгөөд энэ мөнгөөр 540 ширхэг Биг Мак /үнэ 111 рубль/ худалдан авч болох нь. Гэхдээ 60 мянга гэдэг нь тус улсын багш нарын хувьд маш өндөр цалин бөгөөд улсын дундаж нь 35 мянган рубль байдаг гэнэ. Дашрамд, 2003-2014 оны хооронд Оросын багш нарын цалинг рублиэр тооцоход 8 дахин нэмэгдүүлсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Харин 15 жил ажилласан, 800 мянган төгрөгийн цалинтай монгол багш 10 мянган төгрөгийн үнэтэй Биг Мак 80 ширхэгийг худалдан авах нь. Гэхдээ манай улсад МакДональдсын сүлжээ орж ирээгүй учраас Биг Мак-аар жишээ татах нь төдийлөн оновчтой биш юм. Иймээс 10 мянган төгрөг гэдэг нь Биг Мак-тай ойролцоо хэмжээтэй сэндвичийн баримжаа үнэ болой.

Одоо америк багш нар дээр жишээ авъя. АНУ-д Биг Мак дунджаар 5 долларын үнэтэй байдаг бөгөөд 3000 долларын цалинтай америк багш 600 ширхэг сэндвич худалдан авч болох нь. 
Нөгөөтэйгүүр, багш нарын цалин их үү, бага уу гэдгийг тооцохын тулд тэдний авч буй цалин хөлс нь цалингийн доод хэмжээнээс хэд дахин их вэ, хүн амын амьжиргааны доод түвшнээс хэр өндөр вэ гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй.

Жишээ татья. Энэ оны хувьд Орос улсад цалингийн доод хэмжээг энэ онд 7800 рублиэр /335 000 төг/ тогтоосон байна. 35 мянган рублийн дундаж цалинтай орос багш нарын цалин нь цалингийн доод хэмжээнээс 4,5 дахин өндөр байгаа бол Москва хотын багш нарын хувьд 7,6 дахин өндөр байна. Харин сард 540 мянган төгрөг авдаг монгол багшийн цалин нь цалингийн доод хэмжээнээс 2,25 дахин их байгаа бол 800 мянгыг авдаг туршлагатай багшийн цалин 3,3 дахин өндөр байна. Монгол Улсад хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 185 мянган төгрөг гэж тооцвол ахмад багшийн цалин 4,3 дахин өндөр байх жишээтэй.

Одоо америк багш нарын цалингаар дахин жишээ татъя. АНУ-д цалингийн доод хэмжээг 2015 онд цагийн 7,25 доллароор тогтоосон гэж үзвэл энэ нь сард 1300 орчим доллар болж байна. Үүгээр тооцоход америк багш нар цалингийн доод хэмжээнээс 2,3 дахин их цалин авч байгаа нь Монголынхтой ойролцоо харьцаатай байх нь. Гэхдээ АНУ-ын муж улс бүрт цалингийн хэмжээ өөр өөр байдаг бөгөөд хамгийн дээд тал нь 4800 доллар гэсэн тоо бий.  

Нэгэнт Монголын багш нарын цалин өндөр хөгжилтэй орнуудын багш нарынхад бараадахгүй учраас манай улстай хөгжлийн түвшнээр ойролцоо Вьетнам улсаар жишээ авъя. Төрийн өмчийн дунд сургуулиудын вьетнам багш нар ажлын туршлага, сургалтын цагийн ачаалал, хичээлийн төрлөөс хамааран 250-500 долларын цалин авдаг байна. Харин вьетнам залуус англи хэлээр “өвчлөөд” байгаа энэ үед хэлний багш нарын цалин 1000 доллароос эхэлнэ.

Үүнээс үндэслэн тоо бодож үзэхэд, нийслэл Ханой хотод Биг Мак хавчуургатай талх 60 мянган донг буюу 6500 төгрөгийн үнэтэй байдаг ба хамгийн доогуур цалин авдаг улсын сургуулийн вьетнам багш сарын цалингаараа 94 ширхэг том сэндвич идэж болох нь. Ийм маягаар Биг Мак-ийг ашиглан бүдүүн тоймоор тооцоо хийж үзэхэд, Монголын багш нарын сарын цалингийн орлого Вьетнамын багш нарынхаас 1,74-2,6 дахин доогуур байгаа нь харагдана. Гэхдээ Биг Макаар жишээлэх нь Монголын хувьд оновчтой биш гэдгийг дахин дурдая.  

Дээр үзүүлсэн хүснэгтүүд дэх тоонууд хоорондоо зөрж байгаа учраас бодит амьдралыг бүрэн тусгасан гэж ойлгож болохгүй юм. Гэсэн хэдий ч аливаа зүйлийн талаар ямар нэгэн төсөөлөл авч болохуйц нүдэн баримжаа шинжээний арга байдаг болохоор цалин хөлсний хэмжээний талаар ерөнхий дүгнэлт хийх төдийд бол тохирох болов уу.

Б.Адъяахүү  

Эх сурвалж: "Еducation at glance-2013" ОECD, IMF, http://pedkod.com

 
                      
 
 
 
 
 
 
 
 
 


Монгол брэнд