top banner

Ерөнхийлөгч Х.Баттулга Анагаахын сургуулийн 75 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ


2017-10-05 15:50:59
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн 75 жилийн ойн хүндэтгэлийн баярын хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэндчилгээндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн багш, оюутан залуус, ажилтан, албан хаагч нар аа,

Түүхт 75 жилийн ойгоо амжилт ололт, өрнүүн хөдөлмөрөөр дүүрэн угтаж буй Та бүхэнд баярын мэнд хүргэе.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн үндэс суурь 1942 онд тавигдсанаас хойш анагаахын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг дээд боловсролын байгууллагуудыг манлайлан ажиллаж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчинг бэлтгэж ирлээ.

Тус сургуулийн сүүлийн үеийн ололт дэвшил, амжилт бүтээлийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Их сургуулийн удирдлага, эрдэмтэн профессор, багш судлаачид сургалтын агуулгын болон сурах бичгийн шинэчлэлийг цогцоор нь хийж, олон улсын шалгуурт нийцсэн жишиг сургууль болохын төлөө тууштайгаар ажиллаж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг өөрийн оронд анх удаа байгуулах төсөл боловсруулан, амжилттай хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэе.

Монгол Улсын шилдэг сургуулийн нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль маань эрдэм судлал, сургалт судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээний түвшинг дэлхийн жишигт хүргэн, Ази, Номхон далайн баруун бүсийн шилдэг сургуулийн нэг, нээлттэй, тогтвортой их сургууль болох стратегийн зорилтууддаа бүрэн хүрч, хөдөлмөр үйлсдээ өндөр амжилт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Улс орныхоо эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, ард иргэддээ мянган жаргалангийн үүд болсон эрүүл энхийг бэлэглэж байдаг, тус сургуулиар овоглосон хэн бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэсэн байна.


Монгол брэнд