top banner

Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны номинацид 92 улс өрсөлдөж байна


2017-10-06 14:55:54
Зураг
НЬЮ-ЙОРК. /Фокс ньюс/. Ирэх онд болох 90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах арга хэмжээний гадаад хэл дээрх бүтээлийн шагналд өрсөлдөхөөр 92 орон бүтээлээ ирүүлээд байна гэж  Америкийн кино академиас мэдээллээ.

Өнгөрсөн жил энэ шагналд 85 орон киногоо илгээж байсан юм.
 
Тус шагналд өрсөлдөх бүтээлүүд дотроос Камбожийн зохиолчийн зохиолоор жүжигчин Анжелина Жолигийн найруулсан “Тэд эхлээд миний аавыг алсан” хэмээх бүтээл хамгийн их анхаарал татаж байгаа юм. Мөн Франц улсаас өрсөлдөж буй Робин Камилогийн "Минутын цохилт", Ливан улсаас өрсөлдөж буй Зиад Доуэрийн "Доромжлол", Норвеги улсаас Жоэким Триерийн "Тельма" зэрэг бүтээлүүд кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж байгаа ажээ.


 
Энэ жилийн Каннын кино наадмын ялагч болсон Шведийн найруулагч Рубен Остлундын "Талбай" хэмээх хошин шогийн бүтээл шуугиан тариад байгаа төдийгүй Оскарын наадамд мөн өрсөлдөж байгаа юм.
 
Анх удаа Оскарт өрсөлдөж байгаа орнуудаас Гаити улс “Аити мон амур”, Лаос улс "Хонгор эгч", Сири улс "Бяцхан Ганди" зэрэг бүтээлээ сойгоод байна. Энэтхэг улсаас энэ жил найруулагч Амит Масуркар "Ньютон" киногоороо оролцож байна.
 
Өнгөрсөн оны Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны номинацид Ираны найруулагч Асгар Фаради "Худалдагч" киногоороо түрүүлсэн бөгөөд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын муслим шашинтай 7 орны иргэдэд АНУ-руу нэвтрэх виз олгохыг хориглосон явдлыг эсэргүүцэн тус ёслолын үйл ажиллагаанд оролцоогүй билээ.
 
90 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчид ирэх 1 дүгээр сарын 23-нд тодрох бөгөөд ёслолын ажиллагаа ирэх оны 3 дугаар сарын 4-ний өдөр Холливудад болох юм.
Х.Сарнай 

Монгол брэнд