top banner
Шуурхай мэдээ

16 жилийн дараах Афганистаны нөхцөл байдал


2017-10-09 12:18:06
Зураг
КАБУЛ. /Ройтерс/. АНУ Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэдийнээ 16 жил өнгөрөөд байна.  Энэ хугацаанд Афганистаны аюулгүй байдал улам дордсон гэж “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

2011 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагуудтай холбоотойгоор “АНУ-д террорист халдлага үйлдсэн “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бин Ладен тэргүүтэй террористуудыг орогнуулж байна” гэх үндэслэлээр АНУ мөн оны 10 дугаар сарын 7-ноос Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дараа нь тус улсын эрх баригч талибуудын засгийн газрыг түлхэн унагаасан юм.

АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчнийхний олонхи нь гурван жилийн өмнө Афганистанаас гарсан билээ. Тэр үеэс хойш талибууд дахин хүчээ авч, халдлага дэлбэлэлт үйлдэх нь нэмэгдсэн байна. Мөн “Лалын улс” тэргүүтэй босогчдын бүлэглэлүүд ч Афганистан руу нэвтрэх болжээ.

Афганистанд энгийн номхон иргэд амь үрэгдэх нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. НҮБ-ын мэдэгдсэнээр, өнгөрсөн онд тус улсад 3498 хүн амь үрэгдэж, 7920 хүн шархаджээ.

Афганистаны нийслэл Кабул хотын нэгэн оршин суугч саяхан “Ройтерс” агентлагт ярилцлага өгөхдөө “Манай улсын аюулгүй байдал 16 жилийн өмнөхөөс ч муудаад байна” гэж ярьжээ.

Афганистанд явуулж буй цэргийн ажиллагааг “АНУ-ын түүхэн дэх хамгийн урт дайн” гэж нэрлээд байгаа бөгөөд энэ дайн дуусах шинжгүй байна. Дональд Трампын засаг захиргаа Афганистан дахь АНУ-ын цэргүүдийн тоог 14 мянга болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Г.Доржханд

Монгол брэнд