top banner
Шуурхай мэдээ

Алдарт дуучин Селин Дион тоглолтынхоо орлогыг хандивлажээ


2017-10-09 16:19:23
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Стивен Пэддок гэгч этгээд аравдугаар сарын нэгний орой Лас-Вегас хотод цуст аллага үйлдсэнээс хойш хоёр хоногийн дараа тус хотод тоглолтоо хийсэн алдарт дуучин Селин Дион тоглолтынхоо орлогыг уг аймшигт халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсдийн хэрэгцээнд зориулан хандивлажээ.

Дуучин бүсгүй "Сaesars Palace" хэмээх үйлчилгээний цогцолборын “Колизей” тоглолтын танхимд шүтэн бишрэгчдэдээ хандан хэлэхдээ “Өнөөдөр бол онцгой үдэш. 10 дугаар сарын 1-ний ням гаригийн шөнө болсон хар дарсан зүүд шиг эмгэнэлт явдлын дараа бид бүгд ижилхэн асуултуудыг өөрсдөдөө тавьсан байх. Аймшигт аллага болсноос хойш хоёрхон хоногийн дараа Селин Дионы концертонд явах уу, болих уу гэж та бүхэн өөрсдөөсөө асуусан байх. Харин би ийм аймшигтай зүйлийн дараа тоглолтоо хийж чадах болов уу гэж өөрөөсөө асуусан юм. Энэ асуултанд хариулах мэдээж амар байгаагүй” гэж тэмдэглэжээ.
 
Гэсэн ч Селин Дион эмгэнэлт явдлын улмаас хохирсон хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор тоглолтоо хийсэн юм. “Аймшигт халдлагад бид хэтэрхий олон гэм зэмгүй, сайхан сэтгэлт хүмүүсээ алдсан. Хайртай хүмүүсээ алдаж, асар их хохирол амссан гэр бүлүүдэд тусалж дэмжиж чадахаа өнөө орой бид харуулна. Тэдэнд хайр халамж, сэтгэл санааны маш их дэмжлэг, санхүүгийн бодит тусламж хэрэгтэй байгаа” гэж Селин Дион хэлсэн байна. 
 
Селин Дион дөнгөж 13-хан насандаа Канадын Квебек мужид анхны цомгоо гаргаж байжээ. Харин 1990 онд гарсан анхны англи дуутай цомогт нь “Титаник” киноны дуу багтаж байсан нь түүнийг алдаршуулсан ба уг цомог 30 сая хувь борлогджээ. 
 
Э.Аянзаяа

Монгол брэнд