top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын "дарсны өлгий нутаг"-т түймэр дэгдсэний улмаас 10 хүн амиа алджээ


2017-10-10 10:15:20
Зураг
САНТА-РОЗА. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын “дарсны өлгий нутаг” гэгддэг Калифорни муж улсад түймэр дэгдсэний улмаас 10 хүн амиа алдсан нь тогтоогдоод байна гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, өнгөрсөн ням гарагийн орой дэгдсэн түймрийн улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймэрт 1500 орчим байшин барилга сүйтгэгдээд байна. Мөн энэ гал түймрийн улмаас тус муж улсын Напа, Сонама, Юба хошууны 20 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин дайжаад байгаа аж. Калифорнийн захирагч өчигдөр онц байдал зарласан байна.

Түймэр чухам юуны улмаас дэгдсэн нь хараахан тодорхойгүй байна. Хүчтэй салхитай, халуун бөгөөд хуурай уур амьсгалтай байгаа учир гал түймэр улам хүрээгээ тэлэх төлөвтэй байна гэж АНУ-ын холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.
 
“Манай усан үзмийн талбай болон гэр түймэрт өртсөн байх. Бид ням гарагийн орой зугтсан” гэж нэгэн усан үзмийн талбайн эзэн ярьжээ.

Өнгөрсөн сард Калифорнийн Лос-Анжелес хот орчимд мөн түүхэн дэх хамгийн том түймэр дэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирч байсан юм.





Г.Доржханд 

Монгол брэнд