top banner
Шуурхай мэдээ

Ажил дээрх таагүй нөхцөл байдал сэтгэл санааны гутралд хүргэдэг


2017-10-10 12:37:27
Зураг
ЖЕНЕВ. /ТАСС/. Ажил дээрх таагүй нөхцөл байдал сэтгэл санааны гутрал, архидалт, ажил таслалт болон хөдөлмөрийн бүтээмжийн бууралт зэрэг сөрөг үр дагаварт хүргэдэг ба аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг (World Mental Health Day) тохиолдуулан энэ тулгамдсан асуудалд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхаарал хандуулж байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.  
 
Энэ жил ДЭМБ-аас “Ажлын байран дээрх сэтгэцийн эрүүл мэнд” сэдвийн хүрээнд арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа аж. “Сэтгэл санааны гутрал болон сэтгэлийн түгшүүртэй холбоотой хөдөлмөрийн бүтээмжийн бууралтаас дэлхийн эдийн засагт жил бүр 1 их наяд ам.долларын хохирол учирдаг” гэж ДЭМБ-аас хэвлэлд зориулан Женевт тараасан мэдээлэлд өгүүлжээ.
 
Шинжээчдийн онцлон тэмдэглэж байгаагаар, “эрүүл мэнд болон аюулгүй байдлын салбарын оновчтой бус бодлого, сулхан менежмент ба харилцаа холбоо, шийдвэр гаргахад ажилтнууд бага оролцдог байдал, ажилтнуудад үзүүлэх дэмжлэг хангалтгүй, уян хатан бус ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн ойлгомжгүй зорилт зэрэг нь сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг” ажээ.  
 
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг 1992 оноос хойш жилийн бүрийн аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг болсон юм. Энэ тэмдэглэлт өдрийн зорилго нь сэтгэл санааны гутрал, түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргуудын талаархи мэдээллийг нийгэмд илүү хүртээмжтэй хүргэх болон сэтгэцийн эрүүл мэндийг бэхжүүлэхэд оршдог.
 
Л.Батбаяр

Монгол брэнд