top banner
Шуурхай мэдээ

Монголчуудын бичиг үсгийн түүхийг баринтаглажээ


2017-10-10 15:15:48
Монголын хамгийн анхны бичгийн дурсгал болох Чингисийн чулууны бичгээс өдгөөгийн Монгол Улсын хэрэглэж байгаа кирилл бичиг хүртэлх Монголчуудын бичиг үсгийн түүхийг товчоолсон шинэ ном хэвлэгдлээ.
“Монгол бичиг номын өв” хэмээх эл бүтээлд монголчуудын зохиож хэрэглэсээр ирсэн 10 гаруй бичиг үсэг, тэдгээрийн биет дурсгал, судалгаа, зураг, баримтыг тоймлон танилцуулсны зэрэгцээ монгол хэл бичигт холбогдох түүхэн үйл явдлыг бүртгэсэн он дарааллын цэсийг хавсаргажээ. Олон үеийн монголчуудын оюун санааны охь дээжийн талаар энгийн, тодорхой өгүүлсэн энэхүү бүтээлийг С.Эрдэнэболд санаачилж, Б.Түвшинтөгс, Г.Баттогтох, Д.Боролзой, Ж.Ганбаатар нар туурвижээ. Тэд “Талын хэвлэл” хэмээх хэвлэлийн газар /Степпе паблишн/-ыг үүсгэн байгуулсан бөгөөд монгол хэл, соёл, түүхийн чиглэлээр гаргах номын цувралаа хэл шинжлэлийн залуу судлаачдын “Монгол бичиг номын өв” гэх энэ бүтээлээр эхлүүлж байгаа юм байна. Мянганаас цааш яригдах түүхтэй монголчуудын бичиг соёлын их өв, гадаадын олон улс оронтой харилцаж дэлхийн хувь заяаг шийдэлцэж байсан захидал харилцаа хийгээд эзэнт гүрний сүр хүчийг илтгэх зарлигийн бичээс, тамганы дардас, чулуун хуудаст номууд, сургаал үгс, сэтгэл хөдөлгөм уярам түүх бүгд энэ номд бий.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд