top banner
Шуурхай мэдээ

М.Цанлиг сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга болов


2017-10-11 10:09:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгомол барилдааны дэлхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээний В ангиллын 130 кг-д хүчээ сорьсон чөлөөт бөхийн спортын мастер, улсын начин М.Цанлиг /М.Улаанбаатар/ тэргүүлж Дэлхийн аварга болов.

Болгар улсын Пловдив хотноо сонгомол барилдаан болон эрэгтэй чөлөөт бөхийн ахмадын ХIХ ДАШТ өчигдөр буюу мягмар гарагт эхэлсэн юм. Энэ тэмцээнүүдэд 41 орны 600 гаруй ахмад бөх ур чадвараа сорин хүч үзэж байна.

М.Улаанбаатар нэртэй энэ тэмцээнд оролцсон М.Цанлиг эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Финландын бөх Хейки Жанне Хааракангасыг 8:0, гуравдугаар тойрогт Хорватын бөх Иван Матековичийг 5:0 онооны харьцаагаар хожиж дөрөвдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Харандер Сингх, тавдугаар тойрогт Ираны бөх Бахалдин Мохаммад Каримзаден нарыг дараалан цэвэр ялж сонгомол барилдааны ахмадын дэлхийн аварга цолыг ийнхүү манай тамирчдаас анх удаа хүртлээ. М.Цанлиг нь чөлөөт бөхийн спортоор Замчин спорт хороонд гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор хичээллэж байсан юм.
 
Энэ өдөр сонгомол барилдааны В ангиллын 78 кг-д барилдсан Ч.Пүрэвбаяр, 88 кг-д барилдсан ОУХМ Д.Ганбат нар жиндээ Ү байрт тус тус шалгарсан байна.
Д.Өлзий

Монгол брэнд