top banner
Шуурхай мэдээ

Дэлхийн 170 орон цаазын ялаас татгалзаад байгаа ажээ


2017-10-11 14:10:53
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Дэлхийн 170 орон цаазаар авах ялаас татгалзаад байна. Харин цаазаар авах ял ногдуулан гүйцэтгэсэн нь тогтоогдсон тохиолдлуудын 87 хувь нь Ирак, Иран, Пакистан, Саудын Арави зэрэг дөрвөн оронд ногдож байна гэсэн тоо баримтыг жил бүрийн аравдугаар сарын 10-нд тохиодог Цаазаар авах ялын эсрэг дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан НҮБ-аас зохион байгуулсан сэдэвчилсэн хуралдаан дээр дурдсан тухай ТАСС агентлаг уламжлав. 
 
“21-р зуунд цаазаар авах ял огт байж таарахгүй. Дэлхийн 170 орон цаазын ялыг хүчингүй болгож, түүнийг хэрэгжүүлэхээ больсон. Өнгөрсөн сард Африкийн Гамби болон Мадагаскар улс цаазын ялыг хүчингүй болгосон нь чухал алхам болсон юм. 2016 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 37 хувиар буурсан байна. Өнөөдрийн байдлаар цаазаар авах ялын гүйцэтгэлийн 87 хувийг дөрөвхөн орон буюу Иран, Саудын Арави, Ирак болон Пакистан эзэлж байгаа юм. Баттай мэдээлэл байхгүй ч эдгээр дөрвөн орноос гадна Хятад улсад цаазаар авах ялын гүйцэтгэлийн тоо маш өндөр байдаг” гэж НҮБ-ын төв байранд болсон сэдэвчилсэн хуралдаан дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлсэн байна. 
 
"Цаазын ялаас татгалзсан орнуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа ч ийм ялыг террорист халдлага үйлдсэн ялтанд тусгайлан ногдуулах үзэгдэл арилахгүй байгаа нь сэтгэл түгшээж байгаа юм. Зарим улсын засгийн газар цаазаар авах ял ногдуулсан тухай мэдээллийг ялтны төрөл садангаас нууцлаж байгаад ялыг гүйцэтгэдэг. Нээлттэй бус байдал нь ялтныг болоод түүний гэр бүлийн гишүүдийн эрхийг үл хүндэтгэж байгааг харуулж буй хэрэг” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэсэн байна. 
 
Одоогийн байдлаар гэмт хэрэгтнүүдийг цаазаар авч буй хамгийн том бөгөөд өрнөдийн цорын ганц орон нь АНУ болоод байгаа аж. АНУ-ын нийт 51 мужаас 31 мужид ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг хэрэгжүүлж байгаа юм. 1976 оноос тус оронд нийт 1,4 мянган ялтныг цаазаар авчээ.
Э.Аянзаяа

Монгол брэнд