top banner

ШУА, Хууль сахиулахын их сургууль хамтран ажиллана


2017-10-11 17:29:31
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хууль сахиулахын их сургууль /ХСИС/-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг ШУА, ХСИС-ийн профессор, эрдэмтэн, судлаачид оюуны боломж, материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хамтарсан судалгаа явуулах, сургалтын ажлыг нягт холбох, эрдэмтэн бэлтгэх, судлаачдыг чадавхижуулах, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц салбарын болон салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор байгуулж байгаа юм.
Санамж бичигт ШУА-ийн харьяа хүрээлэнгийн лабораториуд болон бусад судалгааны баазад ХСИС-ийн эрдэмтэн, судлаач, магистрант, докторант, сонсогч, суралцагчдыг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, Их сургуулийн харьяа судалгааны төв, лабораториудад ШУА-ийн харьяа хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний ажилтныг доктор, докторын дараах сургалтаар бэлтгэх ажлыг бодлогоор дэмжих, эрдэмтдийг тус сургуулийн орон тооны бус зөвлөлд болон цагийн багшаар ажиллуулах, бакалавр, магистр, докторын зэрэг горилсон эрдэм шинжилгээний ажлыг эрдэмтдээр удирдуулах ажлыг дэмжин ажиллах зэрэг чиглэлийг тусгажээ.

Ж.Болор

Монгол брэнд