top banner

Холливудын алдарт продюсер Х.Вайнштэйн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианд өртөөд байна


2017-10-11 22:09:34
Зураг
ВАШИНГТОН. /Би-Би-Си/.Холливудын алдарт продюсер Харви Вайнштэйн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэй жүжигчид болон ажилтнууддаа бэлгийн дарамт учруулж, тэднийг хүчирхийлж байсан гэх дуулиан шуугиан дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна.
 
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Америкийн алдарт жүжигчин Эшли Жудд “Нью-Йорк Таймс” сониноор дамжуулан энэ дуулианыг дэгдээсэн юм. Жүжигчин бүсгүйн ярьснаар, өдгөө 65 настай Х.Вайнштэйн 1997 онд “Охидыг үнс” киног хийж байхдаа түүнд бэлгийн дарамт үзүүлж, хүчээр өвөртөө оруулж байжээ.
 
Энэ мэдэгдлийн араас Х.Вайнштэйны удирдлага дор ажиллаж байсан,  одоо ажиллаж байгаа эмэгтэйчүүд болон эмэгтэй жүжигчид мөн адил агуулгатай мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй холбоотойгоор Х.Вайнштэйныг өөрийнх нь хамтран үүсгэн байгуулсан “Вайнштэйн” кино компани 10 дугаар сарын 9-нд халж, эхнэр нь болох Жоржина Чепмен салж буйгаа өчигдөр мэдэгдсэн юм.
 
Италийн жүжигчин-найруулагч Асиа Аргенто 1999 оны Каннын кино наадмын үеэр Х.Вайнштэйны бэлгийн хүчирхийлэлд өртөж байснаа мэдэгдсэн бол Анжелино Жоли, Гвинэт Пэлтроу нарын Холливудын алдарт жүжигчид түүний бэлгийн дарамтанд орж байснаа мэдэгджээ. Тэд дөнгөж жүжигчний гараагаа эхэлж байхдаа бэлгийн дарамтанд орж байсан гэнэ.
 
Жүжигчин Г.Пэлтроу ярихдаа “Х.Вэйштэйн надад “Эмма”-гийн дүрийг санал болгосныхоо дараа “Пенинсула Бэвэрли Хиллс” зочид буудалд дуудаж, бүтэн биеийн массаж хийж өгөхийг надаас шаардаж дарамталж байсан. Би тухайн үед 22 настай “хүүхэд” байж. Би их тэвдэж сандарч байсан. Тухайн үед би Брэд Питтэй үерхдэг байсан. Юу болсныг түүнд хэлсэн. Б.Питт Х.Вайнштэйнтай энэ хэргийн улмаас нударга зөрүүлж байсан. Амаа хамхиж яваарай гэж Х.Вайнштэйн намайг сүрдүүлж байсан. Би дөнгөж жүжигчний карьераа эхэлж байсан учир халагдах вий гэж эмээн чимээгүй өнгөрч байсан” гэж ярьжээ.

Мөн А.Жоли хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө “Х.Вайнштэйн намайг мөн дарамталж, өвөртөө оруулахыг оролдож байсан. Үүний улмаас би түүнтэй хамтарч ажиллахаа больсон. Түүнтэй хамтарч ажиллахгүй байхыг бусдад ч зөвлөж байсан. Аль ч салбарт, аль ч улсад ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж ярьсан байна.
 
1990-2015 оны хугацаанд  Х. Вайнштэйны бэлгийн дарамт шахалтад  өртөж байснаа 20-оод эмэгтэй одоогоор мэдэгдээд байгаа бол бэлгийн хүчирхийлэлд өртсөнөө гурван эмэгтэй мэдэгдээд байна.
 
Х.Вайнштэйн гэж хэн бэ?

Оскарын шагналт продюсер Х.Вайнштэйн нь “Жанго эрх чөлөөгөө олсон нь”, “Гэмт хэргийн зохиол”, “Тагнуулч хүүхдүүд” зэрэг томоохон кинонууд дээр ажиллаж байсан юм.

 Тэрбээр 17 настайгаасаа ах Бобтойгоо хамтран кино хийж эхэлсэн бөгөөд тэд 1979 онд “Мирамакс” кино компанийг үүсгэн байгуулжээ.

Тэд энэ кино компаниа 1993 онд “Дисней” кино компанид худалдсан бөгөөд 2005 онд “Вайнштэйн” кино компанийг үүсгэн байгуулсан байна.

Г.Доржханд

Монгол брэнд