top banner
Шуурхай мэдээ

Форбс: Монгол залуусын байгуулсан компанийн зах зээлийн үнэлгээ Японы дэмжлэгтэйгээр 30 сая ам.долларт хүрчээ


2017-10-12 07:14:34
Зураг
Банк санхүү, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын тухай мэдээ мэдээллээр дэлхий нийтийг хангадаг “Форбс” сэтгүүлд зээлийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AND Global” хэмээх монгол компанийн тухай гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

СИНГАПУР. /Форбс/. “Банкнаас багахан хэмжээний мөнгө зээлэхэд олон баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай, цаг их ордог учир сард дунджаар 390 ам.долларын цалинтай Монгол оронд гэр бүл болоод найз нөхдийн хооронд бие биедээ албан бусаар мөнгө зээлүүлэх тохиолдол түгээмэл гардаг ажээ. Нөгөөтэйгүүр ингэж зээлсэн мөнгийг тэр бүр буцааж өгдөггүй байна” гэж Форбс сэтгүүлд бичжээ.

“Монголд найз нөхөд болоод гэр бүлийнхэн бие биеэсээ зээлсэн мөнгөө буцааж төлөх тогтолцоо бүрдээгүй. Зээлсэн мөнгөө буцааж авах гээд ах дүү, найз нөхөдтэйгөө муудалцах тохиолдол хүртэл гардаг” гэж санхүүгийн технологийн гарааны бизнес эрхлэгч “AND Global” компанийн захирал Ч.Анар ярилаа.

Мөнгө зээлүүлээч гэсэн найзуудаасаа залхсан Ч.Анар нэгэн өдөр тамхи татаж зогсохдоо мөнгө зээлдэг үйлчилгээ үзүүлдэг “LendMN” хэмээх гар утасны аппликэйшн бий болгох санаагаа олсноор 2015 онд хоёр найзтайгаа хамтран компаниа байгуулжээ.


Түүний ярьснаар, Зүүн Хойд Азийн энэ улсад банкнаас мөнгө зээлдэгчдийн дунд найдваргүй зээлдэгч олшрох болсон хэдий ч  тэд бичил зээлийг хурдан шуурхай, хүртээмжтэй бөгөөд ил тод байдлаар олгохыг хүссэний үндсэн дээр “AND Global” компаниа үүсгэн байгуулжээ. Компанийн нэрний  “AND” гэдэг нь монголоор “анд найз” гэсэн үг.

2016 оны дөрөвдүгээр сард 1 сая ам.долларын санхүүжилт босгож чадсан тэд өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас, тэдний дотор Японы парламентын гишүүн асан Таками Юичи, хөрөнгө оруулагч Сатоши Мацүмото болон түүний эхнэр Ясүио Мацүмотогоос 4 сая ам.доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30.8 сая ам.долларт хүрсэн байна. Мөн “TechStars” компанийн Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал бөгөөд Монголын нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг Д.Бат-Октябриас /Око/ тэд зөвлөгөө авдаг аж

Сард дунджаар 1.9 сая долларын зээл олгодог “AND Global” энэ оны 12 дугаар сараас Филиппин болон Япон руу бизнесээ өргөжүүлж,  “вlockchain” гэх мэт шинэ технологийг хөгжүүлж, цахим мөнгө гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Ч.Анар ярихдаа “Бидний гол зорилго бол банкнаас санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй байгаа болон банкны өндөр хүүг төлж чадахгүй хүмүүст үйлчлэхэд оршино” гэв.

“Доголдсон” зээлийн үйлчилгээний салбар

AND Global”-ынхан хэт өндөр хүүнээс зайлсхийж, үйлчлүүлэгчдийн санхүүгийн боловсрол болоод хариуцлагыг дээшлүүлэхийг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд хүмүүс бие биедээ харилцан үйлчилж нөлөөлөх болон хиймэл оюун ухаанаар /AI/ дамжуулан Монголын зээлийн үйлчилгээний салбарт гарсан ан цавыг засаж залруулахыг хүсэж байна.

Зээл хүсэгчдийн зээлжих зэрэглэл буюу зээл төлөх чадварыг яг үнэн зөв үнэлж тодорхойлохгүй байгаа нь Монголын энэ салбарт хамгийн тулгамдсан, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал гэж Ч.Анар яриад “Эхний жилдээ бид бараг 100 орчим банкир, эрсдлийн менежер болон зээлийн үнэлгээний мэргэжилтнээс зөвлөгөө авсан. Тэдний 99 хувь нь “Ингэх боломжгүй” гэсэн. Харин Монголын хамгийн том банкны нэг мэргэжилтэн “Ингэх боломжтой. Эхний ээлжинд та бүхэн “зээлийн үнэлгээний загвар” бий болгох хэрэгтэй” гэж бидэнд зөвлөсөн” гэв.

Тухайн зээлдэгч банкинд зээлтэй эсэх, орлого ба зарлагын бүртгэл зэрэг уламжлалт мэдээллүүдээс эхлүүлээд нийгмийн сүлжээ болон ухаалаг гар утас ашигладаг эсэх, боловсрол ба ажил эрхлэлтийн түүх намтар зэрэг уламжлалт бус мэдээллүүдийг цуглуулж, боловсруулаад яг хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг нь үнэлэх автомат машины системийг “AND Global”-ынхан бий болгожээ. Тус компани нь мөн зээлээ хугацаанд нь төлсөн хэрэглэгчдэдээ дараа зээл авахдаа өмнөхөөс арай бага хүүтэй зээл авах эсвэл зээлжих зэрэглэлээ ахиулах зэрэг боломжуудыг санал болгодгоороо бусад банк санхүүгийн байгууллагаас ялгаатай.


AND Global”-ынхан мөн Японы санхүүжилтээр хил дамнасан зээлийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч хөрөнгө оруулагчид “ашиг багатай” зүйлийн төлөө эрсдэлтэй алхам хийхийг хүсээгүй учир энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй аж.

Тус компани одоо 8000 орчим найдвартай бөгөөд идэвхтэй зээлдэгчтэй болоод байна.

Хүмүүс бага мөнгө зээлээд юу хийдэг байна аа? Наргиж цэнгэхэд зарцуулдаг юм болов уу гэж эхэндээ Ч.Анар боддог байжээ. Харин тэрбээр одоогийн мэдээллээ хараад “Хүмүүс төсөөлж байснаас ч илүү санхүүгийн хариуцлагатай юм байна. Тэд зайлшгүй шаардлага гарсан үед л мөнгө зээлдэг юм байна” гэж боддог болжээ.

AND Global” нь сард 1.5 хувийн хүүтэйгээр нэг хүнд дунджаар 70 доллар зээлүүлдэг байна.
Г.Доржханд

Монгол брэнд