top banner
Шуурхай мэдээ

Д.Хаянхярваа: Сайдад нэр дэвшигчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина


2017-10-12 11:58:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. 

Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг нар мэдээлэл хийлээ. Д.Хаянхярваа, "Тус хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн. Ингээд

Шадар сайдад Ө.Энхтүвшин
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Зам тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад С.Чинзориг
Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан
 нарын нэрийг дэвшүүлсэнд байр суурь нэгдсэн. Нэр дэвшигчдийн нэрсийг одоо Ерөнхийлөгчид өргөн барина. Мөн АТГ-аас шалгаж нягталсан тухай бичиг хүлээж авах юм. Үүний дараа чуулганы хуралдаанд асуудлыг оруулна. Өнөө маргаашдаа багтаж сайд нарын томилгоог хийхийг зорьж байна" гэж бүлгийн дарга ярив.

Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд болох нь, оронд нь хэнийг УИХ-ын дэд даргаар томилох тухайд тэрбээр, “Дараагийн шатны асуудлыг бүлэг дээр яриагүй. Эхлээд сайдаар томилогдох ёстой. Түүнчлэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсноор давхар цалин авах юм шиг яригдаад байгаа. Өмнө нь аль нэг цалинг нь авдаг байсан, тэр жишгээрээ явна. Дэд сайдтай байх тухайд одоогоор ярилцаагүй байна. Нэр дэвшигчдийг шалгаруулахдаа мэдлэг мэргэжил, дадлага туршлагаас гадна салбараа бүрэн дүүрэн авч явах чадвартай хэмээн үзсэн. Сүүлийн үед МАН-ын бүлгийн түвшинд зөрчилдөөн үүссэн мэтээр ярьж байгаа, одоо ямар нэг зөрчил байхгүй. МАН бол улстөрийн том хүчний хувьд улс орны эрх ашгийн төлөө тууштай ажиллах болно” гэлээ. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд