top banner
Шуурхай мэдээ

Д.Соёлчхүү: Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйчдийн баг ажиллана


2017-10-12 15:36:17
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар өнгөрсөн 9-р сараас “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжиж эхэлсэн. Уг төслийн хүрээнд 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургуулиудын нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжил, гэр бүл судлал, сэтгэлзүйн анхан шатны мэдлэг олгох, сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ талаар ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүтэй уулзаж ярилцлаа.
 
-Нийгмийн бухимдал, стресс дээд цэгтээ хүрч байгаа энэ үед уг төсөл цагаа олсон их чухал ажил гэж бодож байна. “Сэтгэлийн анир” төслийн баг ямар ажлыг хийж хэрэгжүүлэх вэ?
 
-“Сэтгэлийн анир” төслийн баг зургаан гишүүнтэй. Мэргэжлийн гэр бүл судлаач, сэтгэлзүйчдээс бүрдсэн. Бид эхний ээлжинд 8-12 дугаар ангийн сурагчдад тулгамдаж  буй сэтгэлзүйн асуудлууд, гэр бүлийн харилцаа, стрессийн түвшин зэргийг тогтооно. Хоёрдугаарт, сэтгэлзүйн болон гэр бүл дэх хүндрэлтэй асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа сурагчид, гэр бүлд зөвлөгөө өгнө. Ингэснээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн асуудлуудыг эрэмбэлэх, мэдээллийн сан бүрдэх эхлэл нь болохоос гадна нийгмийн маш олон сөрөг үр дагаврыг арилгах асуудал яригдана. Эцэст нь ямар нөхцөлд сэтгэлзүйчид хандах ёстой юм, сэтгэлзүйч гэж хэн бэ, сэтгэлзүйн зөвлөгөө авснаар ямар үр дүнд хүрдэг юм бэ гэдгийг иргэдэд ойлгуулах зорилготой юм.  Бидний үед сэтгэл судлал, сэтгэлзүйн зөвлөгөө, хүмүүжлийн асуудал яригддаггүй байлаа. Энэ нь тухайн үеийн нийгмийн онцлог, хүмүүжлийн уламжлалт арга барилтай холбоотой байсан байх.  Сэтгэлзүйн аливаа асуудал тулгарахад ихэвчлэн эцэг эх, найз нөхөддөө ханддаг. Заримдаа хандах боломжгүй үед өөрөө даваад гарах шаардлага гардаг.  Бид ийм л үеийг туулсан. Одоо бол нийгмийн болоод технологийн хурдацтай хөгжил сэтгэлзүйн боловсролыг шаардаж байна. Европ болон бусад орнуудад сэтгэлзүйн салбар хөгжөөд 100 орчим жил болчихлоо. Эрүүл мэндийн салбар сэтгэлзүйн салбар руугаа түлхүү хөгжиж байна. Тийм учраас бид энэ салбарын хэрэгцээг нь тодорхойлж өгч байгаа юм.  Хэт их мэдээлэл дунд, зарим нь бүр эцэг эхээсээ ч илүү мэдээлэл дунд байгаа. Гэсэн ч хүүхдүүд авч буй мэдээллээ зөв болгон хөрвүүлж ашиглах тал дээр маш дутмаг, шууд утгаар нь тусгаж авдагт асуудал байна. Тийм учраас бид энэ ажлыг эхлүүлж байгаа юм.
 
-Ер нь манайхан сэтгэлзүйчид ханддаггүй, аливаа асуудлыг өөрөө шийдэх гэж оролддог. Тэгээд асуудал нь томроод, хүндрээд эхлэхээр буруу шийдвэр гаргах нь бий. Тэгэхээр энэ тал дээр түлхүү ажиллах шаардлагатай юм биш үү?
 
-Өмнө нь хэлсэнчлэн бид ийм хэрэгцээгээ өөрсдөө шийдвэрлээд ирсэн учраас хойч үеийнхнийхээ энэ хэрэгцээг мэдэрдэггүй, мэдэрсэн ч хэрэгцээгээ тодорхойлж чаддаггүй. Яагаад заавал сэтгэлзүйчид, гэр бүл судлаачдад хандах ёстой вэ гэдэг хэрэгцээг нь мэдрүүлэх шаардлагатай байна. Эхний ээлжинд төслийн баг ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр ахлах ангийн сурагчдын тооноос хамаарч 10-14 хоног графикын дагуу ажлын цагаар тасралтгүй ажиллана. Аймгийн удирдллагууд дэмжсэний хүчинд бид нийгмийн Эрүүл мэндийн төвийн байранд “Сэтгэлзүйн туслалцааны төв”-өө байгууллаа. Цаашид энэ төвийнхөө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж байнгын үйл ажиллагаатай, иргэдэд сэтгэлзүйн үнэ төлбөргүй зөвөлгөө өгдөг газар болгохоор зорьж байна.
 
-Орхон аймагт 8-12 дугаар ангийн хичнээн хүүхэд байгаа вэ?
-6100 гаруй  хүүхэд бий. Өсвөр насныхныхаа сэтгэлзүйн асуудалд анхаарлаа хандуулж, сэтгэлзүйчдийн баг бүрдүүлэн ажиллаж байгаа аймаг манайхаас өөр байхгүй байх. Тиймээс бид хамтдаа өнөөдрийн 8-12 дугаар ангийн сурагчид, маргаашийн нэг үеийнхэнд шийдвэрлэж чадахгүй байгаа тулгамдсан асуудлаа мэргэжлийн  сэтгэлзүйчид хандаж гарц гаргалгааг олдог энэ соёлыг эзэмшүүлэхээр зорьж байна.
 
-Багаа бүрдүүлэх тал дээр хэрхэн ажилласан бэ?
 
-Орхон аймагтаа хүлээд зөвшөөрөгдсөн гэр бүл судлаачид, сэтгэлзүйчдийг урьсан. Баг бүрдүүлэхэд төвөгтэй зүйл олон байлаа. Хоёр, гурван ч удаа буцсан. Эцэст нь орон нутагтаа энэ чиглэлээрээ олон жил ажилласан, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэхээр шийдсэн. Би өөрөө төслийг санаачлагч, удирдагчаар ажиллаж байна. Нарийн бичгээр ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуул Төслийн багийн ахлагчаар Орхон аймгийн “Катарсис” сэтгэл судлалын төвийн захирал Ц.Батаа, “Гэр бүлийн радио”-ийн Орхон аймаг дахь салбарын  захирал, гэр бүл судлаач Б.Батхүү, гэр бүл судлаач н.Энхцолмон,  Улаанзагалмайн нийгэмлэгийн ажилтан н.Азжаргал, ХГБЗХГ-ын  сэтгэлзүйч Б.Ариунаа, МУИС-ийн сэтгэлзүйн багш Б.Уламбаяр нарын хүмүүсээс бүрдсэн. Ирэх жилээс энэ баг маань өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа.
 
-Байгууллага бүр сэтгэлзүйчтэй болмоор юм биш үү?
-Тийм хэрэгцээ шаардлага байна. Анх Бүсийн оношлогоо эмчилгээний төв дээр очоод сэтгэлзүйч байдаг эсэх, иргэдэд энэ чиглэлийн зөвлөгөө мэдээллийг хэрхэн хүргэдэг талаар нь судлах гээд очиход манайх өөрсдөө сэтгэлзүйчтэй болмоор байна, сэтгэлзүйн багаа манайд ажиллуулж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Аргагүй л дээ эмч нар хамгийн хүнд салбарт ажиллаж байгаа хүмүүс.  
 
-Одоо өсвөр насныхандаа анхаарлаа хандуулахад таван жилийн дараа ямар үр дүнд хүрнэ гэж төсөөлж байна вэ?
 
- Ахлах ангийн сурагчид энэ талаар мэдлэгтэй болоод хандлага нь өөрчлөгдөөд ирэхээр тэд гэр бүлдээ, ах эгч дүү нартаа дам нөлөөлнө. Эцэст нь хүүхдүүдэд нь, дүү нарт нь ямар нэг асуудал  тулгарвал, аав ээж нь, ах эгч нар нь сэтгэлзүйч рүү чирээд очдог, залуу гэр бүлүүд ямарваа нэг асуудал гарвал найзууддаа хандахаасаа өмнө мэргэжлийн сэтгэлзүйч, гэр бүл судлаач дээр очоод асуудлаа шийдчихдэг болох ёстой юм. Ингэснээр сэтгэлзүйн дарамтаас гарах гарцаа хэрхэн олох мөн гэр бүлээ хэрхэн бат бөх байлгах талаар тодорхой мэдлэгтэй дээрх асуудлуудаар хаана хэнд хандахаа мэддэг нэг үе бий болох байх.  Энэ нь дараа дараагийн нийгэмд зөв хандлага бий болоход түлхэц үзүүлнэ гэж найдаж байгаа.  Магадгүй сэтгэлзүйн болон гэр бүлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтэнүүдийн эрэлт нэмэгдэж, олон төвүүд байгуулагдах байх.
 
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд