top banner
Шуурхай мэдээ

Дэлхийн хүүхдийн олимпийн наадамд оролцох эрхийг тивийн АШТ-ээс олгоно


2017-10-12 15:58:29
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/.2018 оны 1-6 дугаар сарын хооронд болох Тивүүдийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээнээс шалгарсан тамирчдад Буэнос-Айрес хотноо болох хүүхдийн олимпийн наадамд оролцох эрхтэй болно. 
Дэлхийн хүүхдийн олимпийн их наадам нь 2018 оны  10 дугаар сарын 6-18-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болно. Энэхүү III олимпийн чөлөөт бөхийн тэмцээн хөвгүүд, охидын тус бүр таван жингийн ангилалд аваргуудыг тодруулна. Тухайлбал, 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс 2003 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн тамирчин хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110 кг, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн ангилалд өрсөлдөх юм.

ДБНХ-ноос гаргасан журмын дагуу чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилал тус бүрд 30, охидын ангилалд 50, нийт 160 тамирчин өрсөлдөнө. Иймд Ази тивээс чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байр эзэлсэн тамирчдад эрх олгох аж.
Дашрамд дуулгахад, манай өсвөрийн чөлөөт бөхийн тамирчдаас Баатарзоригийн Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Болормаагийн Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байв. 
 

Д.Өлзий


Монгол брэнд