top banner
Шуурхай мэдээ

5 жилийн өмнө талибуудад хулгайлагдсан хосыг Пакистаны армийнхан суллажээ


2017-10-13 09:25:05
Зураг
ИСЛАМАБАД. /Ройтерс/. Афганистаны лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэнд бараг таван жилийн өмнө хулгайлагдсан АНУ-Канадын хос болон тэдний гурван хүүхдийг босогчдын гараас сулласнаа Пакистаны цэргийн удирдлага мэдэгдлээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, 2012 онд Афганистанд явган аялал хийж байхад нь Канадын иргэн Жошуа Бойл, түүний эхнэр Кейтлан Коулман нарыг босогчид хулгайлсан аж. Тэд барьцаанд байхдаа гурван хүүхэдтэй болсон байна.

Пакистаны армийн төлөөлөгчид өчигдөр мэдэгдэл хийхдээ “Бид Хойд Америкийн нэгэн гэр бүлийн таван гишүүнийг босогчдын гараас эсэн мэнд суллаж чадлаа. Тэдний бие эрүүл саруул, эсэн мэнд байна. Тэднийг удахгүй эх орон руу нь явуулна” гэжээ.

Бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж буй террористуудыг орогнуулж, хаацайлж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн наймдугаар сард Пакистаныг шүүмжилснээр АНУ-Пакистаны харилцаа таагүй болоод байсан юм.

Тэгвэл барьцаанд байсан хүмүүсийг Пакистаны армийнхан босогчдоос сулласан нь хоёр талын харилцааг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд

Монгол брэнд