top banner
Шуурхай мэдээ

Израиль АНУ-ын адил ЮНЕСКО-гоос гарахаар шийджээ


2017-10-13 09:45:47
Зураг
ТЕЛЬ-АВИВ. /Би-Би-Си/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос АНУ-ын нэгэн адил гарахаар шийдвэрлэснээ Израиль мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжлав.

Израилийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар ЮНЕСКО-гоос 2018 оны 12 дугаар сарын 31-нд гарахаар шийдвэрлэснээ АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдэгдсэн билээ.

Тэгвэл үүнээс хэдхэн цагийн дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Манай улс мөн ЮНЕСКО-гоос гарна. Энэ байгууллагаас Израилийг гаргах бэлтгэл ажлыг хангахыг би ГХЯ-ндаа үүрэг болгосон” гэж мэдэгдэхийн сацуу “АНУ зөв бөгөөд зоригтой шийдвэр гаргалаа” гэсэн байна.

Израиль болон ЮНЕСКО нь сүүлийн саруудад таагүй харилцаатай байгаа юм. Израиль бол Иерусалимыг “булаан эзлэгч” гэж ЮНЕСКО мэдэгдсэнтэй холбоотойгоор Тель-Авив НҮБ-ын харьяа тус байгууллагад жил тутам өгдөг санхүүжилтээ танасан билээ.

ЮНЕСКО нь Сирийн Пальмира хот, АНУ-ын Гранд-Каньон хавцал зэрэг олон газрыг дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байгууллага юм. АНУ-ын шийдвэрт ихэд харамсаж буйгаа ЮНЕСКО-гийн тэргүүн, хатагтай Ирина Бокова илэрхийлсэн байна.

Төрийн департаментын мэдэгдсэнээр, АНУ ирэх оны 12 дугаар сарын 31-нд ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүнээсээ татгалзаж, тус байгууллагад ажиглагчийн статустай болох ажээ.

ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
Г.Доржханд

Монгол брэнд