top banner
Шуурхай мэдээ

Нийслэлд тарьсан шилмүүст модны ургалт 99 хувьтай байна


2017-10-13 10:54:08
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НЗД-ын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хот дахь зар сурталчилгааны байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд болон хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хийж хэрэгжүүлэх ажлыг НЗД-ын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгасан байна. Баянзүрх дүүргийн Эскадрилын хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шарын уулзвар хүртэлх замын хоёр талын ногоон байгууламжид  2161 ширхэг,  20 гудамжинд 1920 ширхэг Нарс болон Гацуур мод тарьжээ. 2016 оны намар, 2017 оны хавар тарьсан 4-6 метр өндөртэй, шилмүүст модыг ургуулахад зөв технологи, байнгын арчилгаа усалгаа, ургамал хамгааллын ариутгал, өвчин хортны устгал, ТББ-ын хяналтын үр дүнд 99 хувийн ургалттай байгаа аж.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ сарын байдлаар 414 зар сурталчилгааны байгууламж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүй байрлуулсан болон замын хөдөлгөөний хяналтын камер халхалсан 70 ширхэг том, 216ш жижиг сурталчилгааны байгууламжийг албадан буулгажээ. Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн тооллогыг хийж байршил, эзэмшигч, загвар хэмжээ, холбоо барих бусад мэдээлэл, фото зураг бүхий цахим нэгдсэн мэдээллийн санг бий болгосон гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав.

Ч.Ариунболд

Монгол брэнд