top banner
Шуурхай мэдээ

Т.Мөнхсайхан:Эмч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулахын тулд алдаа оноогоо хэлэлцэж байна


2017-10-13 13:05:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг/ТТАХНЭ/-т “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ" XIX эрдэм шинжилгээний чуулган болж байна.
Тус чуулган нь гэмтэл согогийн эмч, мэргэжилтнүүдийн судалгаа, шинжилгээний ажил, бүтээлийг үнэлэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах, сургалт эрдэм шинжилгээний цар хүрээг тэлэх зорилготой билээ. Чуулганд нийслэлийн болон орон нутгийн 200 гаруй гэмтлийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Энэ удаагийн чуулганы үеэр гэмтэл согог судлалын чиглэлийн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг байгууллагуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Энэхүү чуулганы үеэр ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхантай уулзаж чуулганы талаар болон ГССҮТ-ийн зорилтын сонирхлоо.


 
"Манай эмнэлгээс уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Гэмтэл согог судлалын орчин үеийн оношилгоо эмчилгээ" сэдэвт XIX эрдэм шинжилгээний чуулган өнөөдөр болж байна. Энэ чуулганаар Монгол Улсын хэмжээнд гэмтэл согогийг эмчлэх үйлчилгээ явуулдаг эмнэлгийн байгууллагууд ямар түвшинд тусламж үйлчилгээг үзүүлж, хэрхэн эмчилж байгаа талаарх судалгааг танилцуулна. ГССҮТ-ийн хувьд эрдэм шинжилгээ судалгааны чиглэлд өндөр ач холбогдол өгч ажилладаг. Энэ жилийн чуулганы нэг онцлог нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-тэй хамтран зохион явуулж байгаа бөгөөд цаашдаа ч нийслэлийн болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулж ажиллах юм. Манай улсын хувьд гэмтэл согогийн тусламж үйлчилгээ, оношилгоо болон эмчилгээний чанараар олон улсын түвшинд хүрч очсон. Харин бид энэ ололтоо улам чамбайруулж төгс оношилгоо эмчилгээнд хүрэхийн тулд эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлыг ихэд чухалчлан үзэж байгаа. Бид энэ чуулганаар оношилгоо, эмчилгээ болон мэс заслынхаа чадварыг яаж сайжруулах вэ? гэдгийг нотолгоонд суурилан гаргах бөгөөд сэдвийнхээ хүрээнд алдаа оноогоо хэлэлцэх юм” гэлээ.
Энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байгаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөртэй уулзаж чуулганы онцлог болон ТТАХНЭ-ийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар ярилцлаа.



Тэрбээр: “Өмнөх 18 чуулганыг ГССҮТ нь мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран зохион байгуулж байв. Харин энэ удаа гэмтэл согог судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай эмнэлэг өөрийн санаачлагаар энэхүү XIX чуулганыг голлон зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. ТТАХНЭ нь дахин үйл ажиллагаа явуулаад 10 сар болж байна. Гэмтэл согог судлалын салбарт ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд эмнэлгийнхээ үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор уг чуулганыг бид өөрийн эмнэлэгт зохион явуулж байгаа юм. Анх удаагаа тус чуулганы үеэр улс орны хэмжээнд ажиллаж байгаа гэмтэл согог судлаач эмч, мэргэжилтнүүд, мэс засалчдын дундаас шилдгийн шилдгийг шалгаруулж урамшуулна. Энэ чуулганы нэг гол хэсэг болох эрдэм шинжилгээний илтгэлүүд тавих бөгөөд эдгээр илтгэлээс шилдгүүдийг шалгаруулж мөнгөн шагнал олгох юм. Манай эмнэлэг өмнө нь гэмтэл согог судлалын тасагтай байсан. Удахгүй эмнэлгийнхээ шинэ хэвтэн эмчлүүлэх Б блокт 40 ортой гэмтэл согог судлалын тасаг нээнэ. Мөн манай эмнэлэгт өндөр чадвартай эмч, сувилагч байдаг, эмчилгээний шинэ технологиуд ашигладаг төдийгүй олон шинэ тоног төхөөрөмжтэй. Манай эмч нар өвдөгний үе, түнхний үе солих мэс заслыг амжиллтай хийдэг. Цаашдаа манай эмнэлгийн стратеги төлөвлөгөөнд тулгуур эрхтэний гэмтлийн төв болох тэр тусмаа спортын гэмтэл, түүний хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээний асуудлыг илүү түлхүү хөгжүүлэхээр тусгасан. Удахгүй манай эмнэлэгт Австрийн Засгийн газрын 7 сая еврогийн төсөл хэрэгжсэнээр бид өвдөгний дурангийн мэс засал болон бусад оношилгоо эмчилгээний шинэ технологиудыг нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Манай эмнэлэгт компьютер томографийн аппарат тай, MRI аппарат нь эвдэрсэн. Харин компьютер томографийн аппаратаа сүүлийн зургаан сард ажилуулснаар 800 хүнд компьютер томографийн оношилгоо хийгээд байна. Бид MRI аппаратаа засварлуулах хөрөнгийн төсвийг 2018 оны улсын төсөвт суулгасан. УИХ-аар баталж өгвөл бид энэ үнэтэй аппаратаа ашиглаж олон хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломжтой болно” хэмээн ярьсан юм.
 
Д.Өлзий

Монгол брэнд