top banner
Шуурхай мэдээ

“Улаанбаатар” кино наадмын онцлох бүтээлүүд


2017-10-13 14:13:34
Зураг

Монголын Урлагийн зөвлөл нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар” олон улсын 9 дэхь кино наадмыг зохион байгуулж буй билээ. Энэ жилийн наадмыг цар хүрээг Францын орчин цагийн кино үзвэр, наадмын онцлох найруулагч Бельгийн кино найруулагч Питер Бросенсийн уран бүтээлийн танилцуулга болон Кино яармагийг шинээр зохион байгуулан өргөжүүлэхээс гадна Олон улсын кино хөтөлбөр, Улаанбаатар олон улсын кино форум тус тус болж буй билээ. Кино наадмын онцлох орноор АНУ сонгогдон “Америкийн кино өдөрлөг”-ийг зохион байгуулж, “Охидын санаачилга”, “Ахлах тогооч”, “Хогийн цэгийн хөгжмийн чуулга”, “Ахлах тогооч” зэрэг орчин үеийн уран бүтээлийг Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэсэн юм. Мөн Эммигийн хоёр удаагийн шагналт, АНУ-ын кино найруулагч, Тони Гербер Монголын кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх сургалт удирдан зохион байгуулах гэнэ. Ингээд тус наадмын онцлох бүтээлүүдийг тоймлон уншигчдад хүргэж байна.

ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД

Бид уул усны үр сад билээ. “Гэсэр”, “Жангар”-ын шарласан хуудасны түүх дүрсжин буусан мэт сэтгэгдлийг зураглал бүртээ шингээсэн “Чингисийн хүүхдүүд”-ээр “Улаанбаатар” кино наадам нээлтээ хийв. Тус киног МУСТА Д.Золбаяр найруулсан бөгөөд продюсероор Д.Ангараг, Д.Дэлгэрцоо, МУГЖ Ж.Алтанцэцэг нар ажиллажээ.

Тус кино нь Каннын кино наадам болон Азийн дэлхийн кино наадам, Солонгос, Герман, Итали, Австрали, Канад, Орос зэрэг олон улсын нэр хүндтэй томоохон наадмуудад шалгарч оролцосноос гадна “Оскарын гадаад хэл дээрх кино” төрөлд нэр дэвшиж буйгаараа онцлогтой билээ.



Тосгоны дэргэдэх улиасыг магтан дуулсан шүлгүүд Оросын ард түмний сэтгэлийн нандин утсыг хөнддөг. Тэгвэл монголчуудын хувьд бахархах, омогших, сэтгэл хөндүүрлэм мэдрэмжийг дүүрэн баяртай нь чирээд ирдэг зүйлс олон. Үндэстний оршихуйг тодотгон харуулдаг эрийн гурван наадмын нэг болох хурдан морь хийгээд унаач хүүхэд, өв соёл, уламжлалт ахуй, нүүдэлчдийн шугаман сэтгэлгээний цар хүрээг энгийн өгүүлэмж дунд нууцалж, зохиолын хэмнэлийг алдагдуулалгүйгээр нүүдэлчин ахуйг магтан дуулснаараа уг кино онцлог болж чаджээ.

НОХОЙН ОРОН

Манай алдартай модернист яруу найрагч Б.Галсансүхийн шүлэг уншиж буйгаар тус кино эхэлдэг. Үүнийг кино шимтэн үзэгч олон уншигчид андахгүй мэдэх болов уу гэж найднам. Тус киноны найруулагчаар Д.Төрмөнх, Питер Бросенс нар ажиллажээ.

Швейцарийн Ньоны олон улсын кино наадмын гранпри хүртсэн бөгөөд Венец, Торонто, Ванкувер, Карловы Вары, Берлин, Бусан зэрэг олон улсын наадмаас нийт 23 шагнал хүртэж байсан гэж бодохоор тус киноны үнэ цэнэ хэчнээн том болохын уншигчид дор бүрнээ бодох биз.

Уг бүтээлд хүн төрлийг олж төрөхийг хүсээгүй нохойн тухай өгүүлдэг. Улаанбаатарын гудамжинд буудуулж хөнөөгдсөнийхөө дараа хөөрхий нохой итгэл алдардаг. Тэрээр Басар гэх нэртэй ба хөдөө талд хоточ нохой байсан үе хийгээд эзэндээ хаягдаж хэрхэн гомдож шаналснаа, нийслэлд золбин нохой байх ямар хэцүү байсныг дурсан дахин төрөх эсэхээ шийдэж ядна. Гэвч түүний хувь заяа Ра нэрт луугийн оролцоотойгоор дахин хүний гарт очно. Гарын алга, ар тал хоёулаа нэг зүйл байдаг боловч тэд өөр нэртэй. Гэтэл оршихуйд цор ганц гэж нэрлэх боломжтой зүйл үгүй гэх бодомжийг няцаасан утгыг тус кино агуулсан мэт санагдана.

ТОНИ ЭРДМАНН

Найруулагч, кино зохиолч, продюсер Марэн Адегийн бүтээл “Тони Эрдманн” нь Европын 29 дэхь удаагийн кино наадмаас шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчин зэрэг таван шагнал хүртэж байсан бүтээл юм.



Орчин цагийн үерхлийг харуулсан тус драм 30-аад улсад гарч дэлхийн олон үзэгчдийн хүртээл болсон байдаг. Винфред ажил хэрэгч охиныхоо барааг барагтай олж хардаггүй нэгэн. Шавьгүй болсон хөгжмийн багш тэрээр охин Инез дээрээ очиж гэнэтийн бэлэг барихаар шийднэ. Гэтэл ид карьер хөөж яваа охин нь чухал төсөл дээр ажиллаад аавтайгаа уулзах завгүй байж таарна. Ингээд Винфред зохимжгүй хувцас өмсч, хачин хиймэл үс, шүд зүүж өөрийгөө өөрчилснөөр Инезийн гүйцэтгэх захирлын зөвлөх Тони Эрдманны дүрээр гарч ирдэг. Цааш нь уншигчид өөрсдөө шимтэн үзэх нь илүү тохиромжтой биз ээ. Хэн нэгэн үзэхийг хүссэн киног тань ярьж өгөөд байвал танд бухимдал төрөх нь лавтай.

АХЛАХ ТОГООЧ

Жон Фавро “Марвед” энтертайментийн супер баатруудтай кинонуудыг найруулдаг гэдгээр нь уншигчид мэднэ. Харин түүнийг балчир хүүхдийн сэтгэхүйгээр баатруудын тухай кино найруулж суудаг нэгэн гэж ойлгож болохгүй ажээ.

“Улаанбаатар” кино наадмын эхний үзвэрүүдийн нэг нь Жон Фаврогийн найруулсан “Ахлах тогооч” кино байсан юм. Фавро тус киноны гол дүрийг өөрийн биеэр бүтээсэн бөгөөд анх инди киноны дүрд тоглож байсан тэрээр арилжааны бүтээлүүд дээр түлхүү ажиллах болсон нь харамсалтай. Харин “Ахлах тогооч” киноны хувьд өөр зүйл яригдана. Мэдээж Германы алдарт найруулагч Фатих Акиний “Чик” кино шиг сэтгэгдлийг “Ахлах тогооч” киноны төгсгөлд дахин мэдрэв.



Алдартай тогооч Карл Каспер бүтээлч сэтгэлгээг нь дэмждэггүй рестораныхаа эзэнтэй маргалдаснаар ажлаасаа гардаг. Гэвч бууж өгсөнгүй, учир нь тэр дуртай зүйлээ хий ёстой гэдгээ сайтар ухамсарлана. Майамид ирээд өөрийн сайн найз, хүүтэйгээ нийлэн хуучин эхнэрийнхээ санхүүгийн тусламжтайгаар явуулын хоолны мухлаг ажиллуухаар болсноор амжилтанд хүрдэг. Гэнэт л амьдралд хайртай болчих шиг, бүхнийг хайрламаар санагдах тунгалаг мэдрэмжийг тус кино хүртээнэ гэдэгт огтхон ч үл эргэлзэнэ.

ТАВ ДАХЬ УЛИРАЛ

1962 онд Бельгийн Лёвенд төрсөн Питер Бросенсийн нэгэн гайхалтай бүтээлийг “Улаанбаатар” кино наадмын онцлох бүтээл болгож үзүүлсэн нь нэн олзуурхууштай. Тус кино нь Венецийн кино наадмын “Алтан арслан”-гийн төлөө өрсөлдсөн бөгөөд дэлхийн олон том кино наадмуудаас шагнал хүртэж байсан юм.

Бельгийн нэгэн бөглүү тосгонд хавар ирэхгүй удах бөгөөд гурван улирал дамнасан үйл явдал өрнөнө. Тариаланчдын тэсвэр барагдаж, хүнс тэжээл хомсдох бөгөөд үнээнүүдээс ямарч сүү гарахаа больдог. Оршин суугчид өөрт байгаа бүхнээ зориулан амь зогооход хүрдэг.

Жихүүдэс хүргэм олон зураглалууд дундуурх хүмүүсийн харилцаа хийгээд оршихуйн төлөө хэрхэн хоорондоо зөрчилдөж, бусдыг дорд үзэж, байгаль эхийн өршөөлгүй өшөө авалтанд ямарч найдлагагүй болж буй дүр зургууд нүдний өмнүүр хөвөрнө. Тэнд гарах олон гайхалтай дүрслэлүүд нь хоорондоо нэвт холбогдох бөгөөд ямарч алдаатай эрс тэрс өгүүлэмж илтгэсэн зураглал үгүй санагдана.



Кино бол дүрсээр бүтэх урлаг бөгөөд ямар нэгэн харилцан яриа тийм ч чухал бус гэдгийг бид мэднэ. “Тав дахь улирал” үзэгчийн сэтгэлийг нэг тийм хүнд чулуугаар дарж орхичихоод нэг хэсэг тарчлаах мэт болгодог бүтээл. Харин таны кино урлагийн тухай мэдлэг, ойлголт ямараас шалтгаалж тэрхүү чулууны сайн муу хийгээд хүнд хөнгөн нь хэмжигдэх буюу.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 

Монгол брэнд