top banner
Шуурхай мэдээ

Нисэх-Яармагийн автозамд зам тээврийн ослоор 5 хүн нас баржээ


2017-10-13 15:13:34
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Буянт-Ухаа 1” хорооллын өмнөх автозамд осол гарч нэг хүн амиа алдсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн удирдлагууд өнөөдөр газар дээр нь очиж биечлэн танилцлаа.

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн ярихдаа, 



“Нисэх яармагийн замд жолооч нар хурд хэтрүүлснээс үүдэлтэй эрдэнэт хүний амь нас хохирох явдал гарсаар байна. “Буянт ухаа-1” хорооллын энэ замд  машин маш хурдтай орж ирдэгээс болж аваар осол их гарч байгааг цагдаагийнхан хэллээ. Яармагийн замын гол хэсэгт хурд хэмжигч бий. Энэ хурд хэмжигчийг дөхөөд ирэхээр жолооч нар хурдаа сааруулдаг. Тиймээс “Буянт-Ухаа 1” хорооллын өмнөх автозамд хурд хэмжигч байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Буянт-Ухаа1” хорооллын урд замд хурд сааруулагч, анхааруулга таних тэмдэг байршуулах ажлыг хийнэ. Маргаашнаас явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан босоо хайсыг зорчих хэсгийн урд, хойд талд байршуулахаар боллоо. Мөн резинэн хурд сааруулагч байршуулах, өмнө тавьсан сааруулагчийг засах ажлыг гүйцэтгэнэ. Улмаар явган зорчигчдод зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг байнга хүргэж байна” гэлээ.

Энэ үеэр “Буянт-Ухаа 1” хорооллын явган хүн гарах гарцыг авто зам дээр тэмдэглэсэн явган хүний гарц /цагаан шугам/ -тай харалдаа болгож нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх шаардлагатайг цагдаагийн байгууллагынхан мэдэгдсэн. Харин иргэдийн зүгээс явган хүний гарцыг буруу газар байршуулснаар зам тээврийн осол ихээр гарах боллоо. Ийм үед  Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс анхаарч бодитой ажил өрнүүлж буй нь сайн хэрэг хэмээн тодотгов.

Гурван жилийн хугацаанд Нисэх, Яармагийн замд 41 хүн осол аваарт орсныг цагдаагийнхан онцолсон юм.

Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд